
Японы автомашин үйлдвэрлэгчдийн Хятад дахь борлуулалт буурч байгаа энэ үед иений ханш суларч буй нь тэдэнд амсхийх завдал өгөв.
Хятадууд Япон машинаас татгалзаж эхлэв
Иений ханшийн сулрал Toyata (7203.T), Nissan (7201.T), Honda (7267.T) зэрэг компаниудын тайланг эерэг гарахад нөлөөлсөн ч тус автомашин үйлдвэрлэгчдийн Хятад дахь борлуулалт буурсаар. Тухайлбал, Nissan-н Хятад дахь борлуулалт өнгөрсөн улиралд 46%, Honda-нх 5% тус тус буурчээ. Toyota-н хувьд Lexus-н борлуулалт бага зэрэг өссөн ч 2023 оны эхэнд 3% буурч байсан юм. Яагаад Хятад дахь гаднын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт буурах болов?
Хамгийн том автомашин үйлдвэрлэлийн ЗЗ
Сүүлийн хэдэн жилд Хятадын автомашин үйлдвэрлэгчид Япон, Герман зэрэг топ автомашин үйлдвэрлэгч улсуудаас дутахгүй чанартай автомашиныг хямдаар үйлдвэрлэх болсон. Улмаар энэ оны эхний хагаст Хятадын автомашин үйлдвэрлэлийн ЗЗ-ийн 53%-ийг дотоодын үйлдвэрлэгчид нь дангаараа бүрдүүлсэн аж. Түүнчлэн эхний 7 сарын байдлаар Хятад 1.9 сая автомашин экспортолж Герман болон Японыг ардаа орхив.
Ерөнхийдөө Япон төдийгүй дэлхийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн Хятадын ЗЗ-д эзлэх хувь багасаж байгаа нь тэдний EV-д шилжих хурд Хятадын автомашины үйлдвэрлэгчдийнхийг гүйцэхгүй байгаатай холбоотой. Гэтэл Хятадын ЗГ-аас EV автомашин үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжсээр байгаа нь уламжлалт автомашинд түшиглэсэн гаднын автомашин үйлдвэрлэгчдэд томоохон сорилт болох шинжтэй.
Эцэст нь… Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанаргүй байдаг гэх ойлголт улиг болж тэд ч үүнийг дэлхий дахинд нотлон харуулсаар. Гэтэл бид муулаад суухаас цаашгүй байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.