Автомашины салбарт толгой цохидог Toyota Motor (TM) нь харьяа компани болох Toyota Industries (6201)-г $33 тэрбумаар худалдан авах санал гаргажээ. Гэвч энэхүү саналд хөрөнгө оруулагчдын сэтгэл тун чиг гонсойлоо…
🏭 Toyota-н санаа
Өчигдрийн арилжаагаар Toyota Industries-н нэгж хувьцааны үнэ 11.9% унаж ¥16,205-д хүрсэн нь хөрөнгө оруулагчдад худалдан авах санал таалагдаагүйг илтгэх мэт. Угтаа Toyota Industries нь автомашины хөдөлгүүр, эд анги, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Toyota-н ууган компанийн нэг ажээ. Toyota Motor-н худалдан авах санал нь зах зээлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх болон дотоод бүтэц буюу кейрецүгээ сайжруулах зорилготой гэнэ.
👩🏻🔧 Кейрецү шинэчлэл
Өмнө нь Японы бизнесийн ертөнцөд нэг гэр бүлд төвлөрсөн Зайбацү бүтэц давамгайлж байв. Дэлхийн II дайн дуусаж, эдийн засгийн хүндрэлийг даван гарахад Зайбацү хоцрогдож эхэлжээ. Энэ үеэс олон компаниуд хоорондоо хувь эзэмшдэг, харилцан уялдаатай ажиллах Кейрецү бүтэц эрчээ авсан аж. Өдгөө тус бүтцээр аваргууд буюу Mitsubishi, Sumitomo, Fuyo гэх мэт томоохон корпорацууд үйл ажиллагаагаа явуулдаг. Toyota Motor нь Toyota Industries-г худалдан авснаар уламжлалт Кейрецү бүтцэдээ салхи оруулж, шинэчлэх алхам ажээ.
🇲🇳 Хамаатай юу?
Манайд Toyota автомашинууд бол тэнгэрийн одод шиг л олон. 2019-2024 оны 3-р сар хүртэлх хугацаанд импортлогдсон автомашины 47% буюу 145.3 мянга нь Toyota Prius гээд л бод. Мөн 2018 оноос албан ёсоор Toyota Sales Mongolia компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба автомашин, сэлбэг хэрэгслийг гэрээт 3 дилерүүдээр дамжуулан хүргэдэг.
Нөгөө талаар… Тус хэлцэл Америкийн автомашины импортод 25% тариф ногдуулахтай зэрэгцээд явж байна. Toyota 2024 онд нийт 10.8 сая автомашин борлуулсан бөгөөд 21% нь Хойд Америкт борлуулагджээ. Тарифын асуудлаас чамгүй хохирол амсах магадлалтай тэдний хувьд бөөн л юм болж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.