
Эрүүл мэндийн салбарыг тойрсон асуудал дундрахгүй юм даа. Сангийн алдагдал, өр шир, цалин гээд л. Яг одоо ямар үйл явц өрнөж байна вэ?
🫣 Сүүлийн үеийн хов
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулаад буй. Нэмээд 8-р сард ЭМДС-д үүссэн ₮240 тэрбумын өрийн шалтгаан нөхцөлийг судлах ажлын хэсэг ч байгуулагдсан. Асуудал болгон дээр ажлын хэсэг байгуулдаг ч яаж ажиллаж байгаа нь ойлгомжгүй.
🧐 Хаана ямар өр байна аа?
ЭМДС 2020 онд ₮59.7 тэрбумын ашигтай ажилласан. Энэ санд сар бүр таны болон танай ААН-ийн 2%-ийн шимтгэл төвлөрч буй. Гэтэл уг сан 2021 оноос эхлэн тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа. 2022 оны эхний улиралд зардал нь талийтлаа нэмэгдэж орлогоосоо 2.1 дахин их болсон байдаг. Энэ алдагдал дээр нэмээд 2021 оноос хойш ₮1 их наядын өр бүртгэгджээ. Уг өрийг жил дамнан төлж явсаар одоогоор ₮140 тэрбумын өртэй байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэхээр байгаа гэнэ.
Эцэст нь… Юутай ч ЭМДС 2026 оноос он дамнаж өр дарж явдгаа болино гээд байгаа. НДС болон ЭМДС олон жил шинэчлэл хүлээж байна. Асуудал гарлаа ажлын хэсэг байгуулна, алдагдал хүлээлээ, өр нэмэгдлээ гэж явсаар хаа хаанаа туйлдаж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.