Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д өнгөрсөн оны эцсээр нийт 623 төрлийн үнэт цаас бүртгэлтэй байснаас 177 нь биржийн бус зах зээл (ББЗЗ) дээр бүртгэгдсэн бондууд байв. Тэгвэл уг талбар хэр төвлөрөлтэй байгааг харцгаая.
- ББЗЗ: Ямар ч биржийн хяналтгүйгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид хоорондоо үнэт цаас арилжих зориулалттай тус талбар 2021 оны 9-р сард албан ёсоор нээгдсэн. Улмаар эхний 11 сардаа л ₮1 их наядын хөрөнгө босгож байв.
Төвлөрөл...
Илүү мэргэжлийн хөрөнгө оруулагчид оролцох зохицуулалттай ББЗЗ өнгөрсөн оны эцсээр 177 бондыг зах зээлд нийлүүлсэн ба үүний 98.7%-ийг нь том хувь эзэмшигч (5%-иас дээшийг эзэмшигч) нар эзэмшжээ. Тодруулбал,
- Том хувь эзэмшигчид: Дээрх 177 бондыг 576 том хувь эзэмшигчид бараг бүгдийг нь эзэмшиж буй. Ер нь 1 бондыг дунджаар 3 том эзэмшигч эзэмшиж байгаа ба тус бүр нь дунджаар нийт бондын 30%-ийг эзэмшдэг аж. Хамгийн олон том хувь эзэмшигчидтэй бонд нь Монложистик бонд бөгөөд тэдний 9 том хувь эзэмшигчид нийт бондын 71%-ийг эзэмшиж буй.
- Бүүр том хувь эзэмшигчид: Үүнд тухайн бондыг 100% эзэмшиж буй том хувь эзэмшигчдийг хамруулах юм. Нийт 74 бондыг том хувь эзэмшигчид бүрэн эзэмшиж байгаа ба үүнээс 49 бондыг нь нэг хөрөнгө оруулагч 100% эзэмшиж байна.
- Жижиг хувь эзэмшигчид: ЗЗ-д нийлүүлсэн бондын 5%-иас доош хувь эзэмшигчид буюу бага дүнгээр хөрөнгө оруулагчдын ББЗЗ дэх бондын эзэмшил нь ердөө 0.18% аж. Тэд том хувь эзэмшигчдээс 2 дахин олуулаа буюу 1,227-уулаа.
Эцэст нь... ББЗЗ дээр бондын арилжаанд тодорхой хэмжээнд мэргэшсэн, шаардлага хангах иргэд ч оролцох боломжтой. Хувьцааны ЗЗ-ийг бодвол эрсдэл бага энэ ЗЗ-д хөрөнгө оруулах боломж бий шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.