Бизнесийн ертөнцөд зөв цагтаа, зөв газраа байснаас шалтгаалж уналт, босолт амь амьдрал нь хормын дотор 180° эргэсэн жишээ олон. Тэгвэл Дональд Трампын ялалтын хажуугаар бизнесийн ертөнцөд хэн хожиж, хэн хохиров?
🤝 Зөв талд байлаа
Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хамгийн их хожсон хүн бол Илон Маск. Тэрбээр сонгуулийн компанит ажилд оролцохгүй, хандив өгөхгүй гэж жиргэж явсан ч 7-р сарын нэгэн нарлаг өглөө Дональд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлж сонгуулийн ажилд нь дор хаяж $118 саяын дэмжлэг үзүүлсэн сурагтай. Тухайн үед Трампын зөвлөх болох талаар ч шуугьсан Цаашлаад, Илон Маскийн компаниуд NASA, ОУ-ын сансрын станц гэхчлэн төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг гэхээр ирэх 4 жилд илүү дотно хамтран ажиллахыг үгүйсгэхгүй.
Ганц Илон Маскаар тогтохгүй ерөнхий салбаруудын өнгийг сонжиход газрын тос, криптовалютынханыг ирэх 4 жилд нар ээсэн, дулаахан өдрүүд угтах төлөвтэй байна. Трамп Жо Байдены байгалийн хийн бодлогыг царцаах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс гарах төлөвлөгөөтэй байгаа гэхээр түүний сонгуулийн ажилд сая саяар нь хандивласан газрын тосны компаниудын мөнгө салхинд хийсэхгүй л бололтой. Түүнчлэн Америкийг криптовалютын нийслэл болгоно гэснээс нь харахад крипто салбарт зун айсуй.
🥶 Эвгүйдсэн хэд
Трампын импортын бүтээгдэхүүнд тавих татварын бодлого гадаадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай, тэр дундаа Хятадтай нягт түншилдэг жижиглэн худалдааны салбарынханд нэлээн хүнд тусах болов уу. Татвар нэмэгдэх нь гарцаагүй гэсэн шиг хувцас, автомашины сэлбэг хэрэгсэл болон бусад техник хэрэгсэл үйлдвэрлэгчид эхнээсээ үнээ нэмэхээр бэлтгэж байгаагаа ч мэдэгдээд буй.
Зиа, Трампын сонгуулийн үр дүн Америкийн жижиг бизнес эрхлэгчдэд хэрхэн тусах нь сонирхолтой. Үүнээс илүү бидний хувь заяа Хятад, Америкийн худалдааны дайн эргэн ирвэл хэрхэх нь бүр ч сонирхолтой байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.