Зээ, сарын сайныг сайтан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр маргааш United Airlines (UAL) Нарита-Улаанбаатар чиглэл дэх анхны нислэгээ үйлдэх нь ээ. Өмнө нь тус чиглэлийн нислэгийн 81%-д МИАТ ТӨХК, 19%-д нь Аэро Монголиа ХХК нислэг үйлддэг байсан юм.
✈️ Дотоодын 5, Гадаадын 17
United Airlines тус чиглэлд нислэг үйлддэг болсноор Монгол руу нислэгийн маршруттай гаднын авиа компанийн тоо нэгээр нэмэгдэж 17 болж байна. 2019 онд 8 гаднын авиа компани нислэг үйлддэг байв. Гаднын авиа компаниудыг улсаар нь харвал хамгийн олон буюу Өмнөд Солонгосын 8 компани, Оросын 4, Хятадын 3 компани тус тус нислэг үйлдэж буй.
🇲🇳 Агаарын тээврийн зах зээл
2022 он буюу цар тахлаас хойш Монголын агаарын тээврийн зах зээл хурдацтай хөгжиж яваа. Тухайлбал, өнгөрсөн онд олон улсын нислэгээр зорчсон зорчигчдын тоо 2022 оноос 2.8 дахин өсөж 1.7 саяд хүрсний 61.5%-ийг үндэсний авиа компаниудын нислэг бүрдүүлсэн байдаг. Улмаар дотоодын агаарын тээвэрлэгчдийн орлого 2024 онд түүхэндээ анх удаа ₮1 их наядыг давжээ.
🤼♀️ Гол тоглогчид
Харж байгаачлан Монголын агаарын тээврийн зах зээлд дотоодын компаниуд давамгай буюу дотоодын 3 авиа компани зах зээлийн 69%, гаднын 9 компани 31%-ийг эзэлж буй. Энэ дундаа өнгөрсөн 3-р сарын байдлаар МИАТ ТӨХК нийт зах зээлийн 51%-ийг, Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК, Air China (601111.SS) болон Korean Air (003490.KS) тус тус 9%-ийг эзэлж буй.
Эцэст нь… $UAL 7 хоногт 3 удаа Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээр байгаа. Далайд гарцгүй Монголын агаарын хил тэлж байгаа нь яамай даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.