“Биткойны халвинг” болоход 1 өдөр хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ торгон мөчийг тохиолдуулан крипто зах зээлийн эхний улирлыг шинжицгээе.
Бухын эрчээр
Крипто зах зээлийн үнэлгээ энэ оны эхний улиралд өмнөх улирлаасаа 64.5% өсөж $2.9 их наядад хүрчээ. Энэ нь крипто зах зээлийн сэргэн мандалтын үе гэгддэг 2021 оны түүхэн дээд түвшин болох $3 их наядын үнэлгээнд хүрэх, цаашлаад давахад маш ойрхон байгааг харуулж буй. Цаг хугацааг 2 улирал ухраан харвал өнгөрсөн оны III улиралд крипто зах зээл 8.6% унаж $1.2 их наядад хүрч байсан сан. Тухайн үед оффтоороо гэдэг шиг криптогийнхон SEC-тэй ширүүхэн шүүхийн маргаантай явсаар тус жилд хэлцэл, нэгдэл гээд салбарыг сэргээх боломж хомс байсан юм.
Хөдөлгөгч хүч
Крипто зах зээлийн уналт, сэргэлтэд зах зээлийн үнэлгээний 52%-ийг бүрдүүлж буй Биткойн (BTC) шууд нөлөөтэй. Тодруулбал, тус улиралд Биткойны үнэ шинэ оноос хойш 64% өсөж түүхэн дээд түвшин болох $71,300-ыг давсан. За тэгээд Биткойны галзуу өсөлтийг хамгийн их өрдсөн зүйл бол Биткойны ETF байсан. Өдгөө Биткойны ETF арилжаа хийж буй 10 компани ETF сангаараа дамжуулан $55 тэрбум давсан хөрөнгийг удирдаж байгаа.
За тэгээд крипто зах зээлд 15%-ийн жин дардаг Эфериум (ETH) шинэ оны шинэ улиралд 59% өсөж $3,507-т хүрээд авсан. Solana (SOL) ч тус улиралд 2 нугарч $200-ыг давсан тус тусын амжилттайгаар эхний улирлыг өндөрлүүлжээ.
Эцэст нь… Маргааш Биткойны халвинг буюу 1 блокт олгогдох шагнал 6.25-аас 3.12 болон буурах өдөр. Биткойны ETF, халвинг гээд томоохон үйл явдал давхцан хэсэг л пуужиндлаа. Харин эдгээр өдрүүдийн араас тус криптовалютын үнэ хэрхэх бол?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.