Өнгөрсөн онд ББСБ-аас зээл авагчдын давхардсан тоо 34.8% өсөж 1.6 саяд хүрчээ. Өөрөөр бол давхардсан тоогоор хөдөлмөрийн насны 10 хүний 8 нь ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй гэсэн үг. Юу болоод байна?
Хэрэглээндээ л…
ББСБ-ын нийт зээлийн хэмжээ 2023 онд 35% өсөж ₮3.7 их наядад хүрсний 88.2% буюу ₮3.2 их наядыг иргэдийн зээл бүрдүүлжээ. Нөгөө талаас ББСБ-ууд ₮7.2 их наядын зээл олгосны 66.7% нь хэрэглээний зээлд, 26.1%-ийг нь 1 сар хүртэлх хугацаагаар олгосон байна.
Тодруулбал, иргэд ББСБ-аас зээл авахдаа 1 сар хүрэхгүй буюу богино хугацааны хэрэглээгээ хангахын тулд өндөр хүүтэй зээл аваад эргүүлж төлж байна гэсэн үг. Банкны зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 1.3%
байхад ББСБ-ынх 2.5 дахин их буюу 3.3% байгаагаас хүү өндөр гэдгийг харж болно.
Амар болохоор л…
2018 онд 2 ББСБ финтек буюу дижитал санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тоо өдгөө 55-д хүрээд байна. Улмаар,
Бага багаар: ББСБ-ын нийт зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж байна. Улмаар финтекээр зээл авсан 1 зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ ₮575.2 мянга байгаа аж.
Гэхдээ харьцангуй сайн: Нийт ББСБ-ын чанаргүй зээл 2023 онд 7% байхад финтек зээлийнх 6.1% байгаагаас харахад бага хэмжээтэй зээлийг эргүүлж төлөхөд дарамт учрахгүй байна гэж хэлж болохоор.
Харьцуулбал: 2017 онд буюу финтек орж ирээгүй үед улс даяар 107 мянга орчим зээлдэгч л ББСБ-аас зээл авч
байжээ. Харин 2018 онд 2 ББСБ финтек орж ирснээр нийт зээлдэгчдийн 46.2%-д зээл
олгосон аж. Харин үүнээс хойш 5 жилийн дотор зээлдэгчдийн тоо 12 дахин өсөж 1.3 саяд хүрсэн байна.
Эцэст нь, 2023 оны 10-р сард 1.8 сая хүн арилжааны банканд зээлтэй байснаас харахад давхардсан тоогоор 3.4 сая хүн зээлтэй байна. Нэг талаасаа финтекийн үйлчилгээ орж ирээд хялбараар зээл авах боломжтой болсон ч хаана хаанаа эрсдэлээ бодох нь чухал. Ай миний эх орон зээлийн өлгий нутаг болоо юу даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.