Иргэдийн санхүүгийн боловсролын үзүүлэлтийн дундаж оноо 9.9 байна. Энэ нь авах ёстой 20 онооны ердөө 49.5% гэсэн үг.
Судалгаа: Санхүүгийн Хүртээмж-Хөгжил Санаачилга ТББ иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг хэмжих судалгааг Монголбанкны захиалгаар гүйцэтгэжээ. Үүнд 1,947 хүн хамрагдсан
аж.
Судалгааны гүнд
Санхүүгийн боловсролыг хэмжихдээ санхүүгийн мэдлэг, ЭЗ-ийн мэдлэг, санхүүгийн хандлага гэсэн 3 үзүүлэлтийг үнэлэн тооцсон байна.
Урвуу хамаарал: Иргэдийн санхүүгийн мэдлэгийн үзүүлэлтийг харвал, 9 оноо авах ёстойгоос 4.7 оноо авчээ. 10 жилийн үнэлгээгээр бол 52.1F гэсэн үг. Үүнийг насны ангиллаар харвал, 18-24 насныхны мэдлэг хамгийн өндөр, 40+ насныхны мэдлэг хамгийн бага байлаа. Тэгэхээр нас ахих тусам мэдлэг бага байдаг байх нь.
8 хүний 1 нь: Харин ЭЗ-ийн мэдлэгийн хувьд судалгаанд оролцогчдын 67.4% нь инфляцын талаар мэддэг бол ердөө 12.1% нь л ДНБ-ий талаар ойлголттой аж. Улмаар улс даяарх ЭЗ-ийн мэдлэгийн шалгалтад 43.3F үнэлгээ авчээ.
Өнөө маргааш л чухал: Үргэлжлүүлээд иргэдийн санхүүгийн хандлагыг харвал, тэдний 71.6% нь санхүүгээ төлөвлөдөг ч 58.9% нь богино хугацаанд л төлөвлөдөг гэнэ. Тэгэхээр эрсдэлээ тооцож, ирээдүйдээ бэлдэхээс илүүтэй өнөө маргаашаа л болгож байгаа гэлтэй.
Илүү нарийн
Цаашлаад, санхүүгийн бүтээгдэхүүний талаарх ойлголт хэр байгааг харъя.
Сайн & муу: Иргэд данс шалгах, мөнгө шилжүүлэх үйлчилгээг хамгийн сайн мэддэг бол хадгаламж зээлийн хоршооны хадгаламж болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар хамгийн бага ойлголттой байна.
Ялгаа: Түүнчлэн Z үеийнхэн даатгал, ипотек, банкны зээл, ломбард зэргийг бусад насныхнаас бага хэрэглэдэг ч ХО, цахим зээл, криптовалютыг илүү сонгож ашигладаг байна. Харин 40+ насныхан ХО, даатгал, ипотек, банкны зээл, ломбард зэрэг уламжлалт бүтээгдэхүүнүүдийг илүү сонгон хэрэглэдэг аж.
Эцэст нь… Нийтийн санхүүгийн мэдлэг муу байх нь наанадаж л санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, цаанадаж л ЭЗ-ийн тогтворгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс л бид санхүүгийн боловсролд зориулсан контентууд хийдэг юм шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.