Өнөөдөр скейтбордын соёлтой нягт холбоотой 57 жилийн түүхт Vans брэндийн гүн рүү шумбая. Залуучуудын дунд ялангуяа скейтчдын дунд нэлээд алдартай даа.
The Vans №44
Үүх түүхээс нь харвал Vans байгуулагдсанаасаа нэлээд хэдэн жилийн дараа буюу 1970 оноос скейтбордын тэмцээн, багуудыг ивээн тэтгэж эхэлснээр энэ спорттой салшгүй нандин холбоо үүсгэжээ. Тэд 1976 онд Vans №44 загвараа танилцуулсан нь BOOM болж өдгөө уг загвар нь одоо Vans Authentic гэж нэрлэгдэж буй.
- Илүү өргөн: 1980, 1990-ээд оны Vans бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлж, Slip-On, Sk8-Hi, Era гэх мэт янз бүрийн гутлын загваруудыг танилцуулснаас гадна BMX, мотокросс зэрэг бусад тулааны спортын зах зээлд хүч үзэв.
- Vans поп соёлд: Түүнчлэн Vans 1970-аад оны сүүлээр даамын хөлгөн загварыг нэвтрүүлснээр нэр хүнд нь улам өссөнөөр уран бүтээлчид, дизайнерууд, брэндүүдтэй хамтран ажиллаж, хязгаарлагдмал хэвлэлттэй, өвөрмөц гутлын цуглуулгыг бүтээж иржээ.
Бизнесийн гүнд
Та бидний сайн мэдэх Vans, The North Face, Timberland, Dickies зэрэг брэндүүдийг V.F. Corporation (VFC.VI) эзэмшдэг аж. Компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайтар шинжвэл тийм ч гэрэл гэгээтэй харагдсангүй. Тодруулбал,
- -12.9%: Өнгөрсөн улиралд компанийн борлуулалтын орлого 2% буурч $3 тэрбум болсон аж. Энэ дундаа Vans-н борлуулалт бүр 21% багасжээ. Харин Америк дахь борлуулалтыг салгаж харвал 11% буурсан харагдана. Мөн тэд ирэх жилийн ашгийн таамаглалаа цуцалсан юм. Үүний араас тэдний хувьцааны үнэ 12.9% унаад байна.
- Итгэлийн оч хаячих гээд л: Хүч муутай тайлангийн араас өнгөрсөн 7-р сард шинээр томилогдсон V.F.-н Гүйцэтгэх захирал Браккен Даррелл “Америк дахь бизнесээ гадаадад алдартай болгоно. Ингэхдээ Vans-г сэргээхэд илүү анхаарна.” гэсэн юм. Монголд ч гэсэн салбар нээгдсэн, гадаадын борлуулалт нь 10% өссөн гэдгээс харахад боломжтой ч юм шиг.
Эцэст нь… Бидний мэдэх брэндүүдийн ард ийм түүх, ийм бизнес байдаг байх нь ээ. Юутай ч V.F. одоогоор Vans-н зарим дэлгүүрүүдийг хааж, стратегиа бүхэлд нь дахин шинэчилж байгаа гэнэ. Дээрдэх нь үү, улам дордох нь уу?
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.