Өнгөрсөн улиралын байдлаар нэрлэсэн дундаж цалин улсын дунджаар өмнөх оны мөн үеэс 14.8% өсөж ₮2.6 саяд хүрсэн бол голч цалин 24.8% нэмэгдэж ₮2.2 саяд хүрээд байна. Өөр сонин сайхантай юу байна вэ?
1️⃣ Улирлын тойм
2024 оны мөн үеэс НДШ төлсөн ААНБ-ын тоо 8.9% өсөж 53.7 мянгад, ажиллагчдын тоо 7.7% ихсэж 811.6 мянгад хүрчээ. Том зургаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 сарын 1-ээс эхлэн 20% нэмж ₮792 мянгад хүргэх шийдвэр ААНБ-уудад цалингаа нэмэгдүүлэх мессежийг өгсөн нь лавтай.
☀️ Сайн мэдээ
Дундаж болон голч цалингийн зөрүү холдох тусам орлогын тэгш бус байдал нэмэгддэг. Харин I улиралд дундаж болон голч цалингийн зөрүү ₮376.6 мянгад хүрсэн нь өмнөх улирлаас 14.9%, 2024 оны мөн үеэс 22.4% буураад байна. Ямартай ч ойрын 3 жилд байгаагүй хамгийн бага цалингийн зөрүү ажиглагдсан нь дундаж давхаргын орлого өсөж, хөдөлмөрийн зах зээл илүү шударга, өрсөлдөөнт болж буйн дохио хэдий ч 2015 оноос 87% өндөр байгааг мартах ёсгүй.
🫠 Муу мэдээ
Нөгөө талаас цалин өсөж байгаа ч инфляцын нүргээнд идэгдсээр. Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс I улиралд 214.8-д хүрсэн бол худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байв. Энгийнээр 2022 оны I улирлаас хойш цалин 2 дахин өссөн ч, амьдрал дээр хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ. Тэгэхээр цалин өсөөд байгаа ч инфляцын нөлөөгөөр худалдан авах чадвар дорвитой өсөөгүй байгаа юм.
Эцэст нь… Ямар ч сэдэв тоймлосон эргээгээд өнөө инфляц, экспорт, нүүрс, зэс, гадаад худалдаа, валютын нөөцтэй холбогдчихдог хорвоо доо. Уг нь бидний шийдэх ёстой асуудал маш тодорхой байгаа ч шийдэл нь тодорхойгүй юм даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.