Өнгөрсөн оны байдлаар Монголын нийт ус ашиглалтын 17%-ийг уул уурхайн салбар эзэлж байгаа ч ус ашигласан төлбөрийн 90%-ийг бүрдүүлж байна.
Илүү бага ус, илүү их төлбөр
Нийтийн дунд хэдэн уурхай л Монголын хамаг усыг хэрэглээд байгаа мэт ярьдаг ч тооны хэлээр яривал шал өөр түүх өгүүлэх хэрэгтэй болох нь. Учир нь ус ашиглалтын дийлэнх буюу 60% нь ХАА-н салбарт, цаашлаад үйлдвэржилтийн салбарт ашиглагдаж байгаа. Үүнтэй харьцуулахад уул уурхайн салбар хүмүүсийн боддогоос хамаагүй бага буюу 17% буюу 95.4 сая куб усыг ашиглаж байгаа юм. Цаашлаад, тус дүн 7 жилийн дараа 2.3 дахин буюу 1.4 тэрбум куб, 2040 он гэхэд 3 дахин буюу 1.8 тэрбум куб болж өсөх төлөвтэй байна.
Ус ашигласан төлбөр хаашаа урсдаг вэ?
Одоо бүр сонирхолтой факт дурдахад, жилд дунджаар ₮47 тэрбумыг ус ашигласны төлбөрийн орлогоос төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд гэхэд ₮51.5 тэрбумыг төвлөрүүлсэн байх жишээтэй. Энэ мөнгө хаашаа урсаад байна гээд харсан, аймаг, сумуудын төсөвт төвлөрч зарцуулагддаг аж. Гэхдээ! Байгаль орчин, нөхөн сэргээлт гэхээсээ илүү аймаг, сумын удирдлагуудын машин, томилолт болж хувирдаг нь харамсалтай. Үүнийг батлах мэт 2021 оны ус ашигласны төлбөрийн зарцуулалтын 21.6% нь л зориулалтын дагуу ашиглагджээ.
Өнгөрсөн онд 200-аад ААН ус ашигласны төлбөр төлж, усыг ЭЗ-ийн эргэлтэд оруулжээ. Түүнчлэн 2022 оны 11-р сард ЗГ-аас зэсийн баяжмал боловсруулах зорилгоор ус ашиглах төлбөрийг 75% нэмсэн гээд уул уурхайн салбарынхан бусадтай харьцуулахад илүү өндөр дүн төлөх болсон юм.
За тэгээд, ус ашигласны төлбөр гээд овоо мөнгө олчихдог юм байж. Гэхдээ зарцуулалтыг нь илүү хяналттай болгохгүй бол өнгөрсөн онд гэхэд 43% буюу ₮22 тэрбумыг л зориулалтын дагуу зарцуулж үлдсэнийг нь хуримтлуулсан юм уу, халаасалчихсан юм уу, гэдэг нь мэдэгдэхгүй байдалтай л байна шүү дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.