
Хөрөнгийн зах зээлийн томчууд болох ТОП-20 компанийн цэвэр ашиг дунджаар 2024 оны эхний хагас жилээс 10.5% өсжээ. Яг юу болоод өнгөрөв?
🧭 Том зураг
Энэ оны эхний хагаст нийт 9 компанийн цэвэр ашиг 2024 оны мөн үеэс дунджаар 69.4% өссөн бол үлдсэн 11 компанийн цэвэр ашиг 37.6% буураад байна. Цэвэр ашгийг дүнгээр нь харвал, ТОП-20 компанийн цэвэр ашиг 2024 оны эхний хагаст ₮1.3 их наяд байсан бол энэ оны эхний хагасын байдлаар 14.9% багасаж ₮1.1 их наяд болсон аж.
💯 Хувиар нь задлавал
Өнгөрсөн оны эхний хагаст Монгол шуудан (MNP)-ийн цэвэр ашиг ₮22.5 сая байсан бол энэ оны эхний хагаст 4.6 дахин өсөж ₮104.2 саяд хүрч, бусад компаниудыг өсөлтийн хувиараа тэргүүлэв. Эсрэгээрээ хамгийн их хувиар цэвэр ашгийн хэмжээ буурсан нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) болсон ба тэдний 2025 оны эхний хагасын цэвэр ашиг мөн үеэс 91% буурч ₮138 саяд хүрсэн аж.
🔢 Дүнгээр нь дүгнэвэл
ХААН Банк (KHAN)-ны 2025 оны эхний хагасын цэвэр ашиг мөн үеэс ₮63.3 тэрбумаар өсөж ₮353.7 тэрбум болсон нь ТОП-20 дундаас цэвэр ашгаар тэргүүлэгчийн сэнтийд заларсан явдал байв. Харин уул уурхайн биржийн цахим дуудлагыг ердөө 2 удаа амжилттай зохион байгуулсан Тавантолгой (TTL)-н цэвэр ашиг ₮149.1 тэрбумаар унаж ₮64.2 тэрбумд хүрсэн нь ТОП-20 дахь хамгийн огцом уналт боллоо.
🚩 Хасахтай ганц
Эхний хагас жилд ТОП-20 компаниас орь ганцаар алдагдалтай ажилласан компани бол удахгүй Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийг орхих эсэх нь тодрох Говь (GOV) байлаа. Тэдний хувьд өнгөрсөн жилийн эхний хагаст ₮14.2 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил алдагдал нь ₮19.2 тэрбумд болж нэмэгдээд байна.
Эцэст нь… Урт удаан амралт нэгэнт өндөрлөж компаниудад ашиг орлогоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сэтгэлийг тэнийлгэх 5 хүрэхгүй сарын хугацаа үлджээ. Аль компани хэрхэн хөдлөхийг хамтдаа харцгаая. 👀
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.