
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаад байгаль орчин, нийгэм, эдийн засаглал (БОНЗ)-ын тайлагналтай холбоотой эрх зүйн зохицуулалт болон компаниудад тулгарч буй сорилтын талаарх Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Б.Анирмаагийн нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж таалан уншина уу!
Учир шалтгаан
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулахын тулд улс орнууд ногоон, тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудыг тодорхойлон, тэдгээрт бодитоор хүрэх санаачилгуудыг хэрэгжүүлж байна. Улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилгууд, Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын төлөөх үүрэг, амлалтаа биелүүлэх нэг арга нь дотоодын эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох явдал юм. Энэ хүрээнд компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцох, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор компаниудаас санхүүгийн бус мэдээллийг гаргуулан авч байна.
Нөгөө талд компани зөвхөн богино хугацааны хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах нь эрсдэлтэй болж, урт хугацаанд тогтвортой хөгжиж, үнэ цэн бий болгох хандлага руу бизнесийн загвар өөрчлөгдөж буй. Иймд компаниуд санхүүгийн бус мэдээллийг хөрөнгө оруулагч, олон нийтэд өөрсдөө мэдээлэх хандлага мөн бий болсон.
Улмаар удирдамж, стандарт, хууль батлахдаа дараах зүйлсийг харгалзан үзсэн байгаа бөгөөд Монгол Улс ч мөн тус үзүүлэлтүүдийг эрх зүйн зохицуулалт бий болгохдоо анхаарууштай. Үүнд:
Монголд
Компаниудад зориулсан БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг 2022 онд боловсруулж байсан. Энэ удирдамж нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд, цаашид бүртгүүлэхээр төлөвлөж буй үнэт цаас гаргагчид болон тайлагнал хийх хүсэлтэй бүх компаниуд ашиглах боломжтой, арга зүйгээр хангах, сайн дурын баримт бичиг болсон. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам", "Үнэт цаасны бүртгэлийн журам", "Компанийн засаглалын кодекс"-д БОНЗ-д хамаарах мэдээллээс байгаль орчны, эсхүл засаглалын үзүүлэлт, мэдээллийг тайлагнах талаар зохицуулсан. Мөн зохицуулалтын шинжтэй бус ч "Ногоон таксономи", "Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг" зэрэг баримт бичгийг дурдаж болно.
Өөр өнцөг
Манай Улсад БОНЗ-ын тайлан гаргах үүрэг сайн дурын шинжтэй, нэгдсэн БОНЗ-ын тайлан гаргадаг салбар байхгүй. Цаашлаад компани “ашгийн төлөө” үндсэн зорилготой хуулийн этгээд байхаар хуульчилсан тул БОНЗ-ын тайлан гаргах нь захиргааны болон санхүүгийн зардал, дарамтыг үүсгэхийн зэрэгцээ хөгжиж буй манай улсад тохирохгүй гэж үзэх хэсэг бий. Гэвч компанийн хэмнэсэн зардал (БОНЗ-ын тайлан гаргахгүйгээр хүний нөөц, захиргааны зардлаа хэмнэх) эргээд байгаль орчин, нийгэмд хохирол учруулах эрсдэлийг дагуулдаг. Энэхүү эсрэг хандлагыг БОНЗ-ын тайлангийн компанид үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголт хязгаарлагдмал, дотоодын хууль зүйн тодорхойгүй байдал, тайлан гаргах эрх зүйн хөшүүрэг, дэмжлэг байхгүйтэй холбоотой гэж үзэж байна.
Төрийн үүрэг
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага бүхий эдийн засагтай байх ба төрөөс эдийн засгийг зохицуулна. Төрөөс зохицуулахдаа хуулиар хязгаарласан хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд оролцож, амжилттай хөгжихүйц орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагын нэг нь тогтвортой хөгжил ба БОНЗ зарчмуудын нэгдмэл байдлын хандлага болжээ. БОНЗ-ын тайлан тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг бөгөөд бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид тогтвортой байдлын гүйцэтгэлээ хэмжих, удирдах тогтолцоо болгон ашиглаж байна. Үүнээс БОНЗ чиглэлд төр зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага үүснэ.
Нөгөөтэйгөөр, манай улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын суурь конвенц Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. Улмаар тус хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, амлалт, төлөвлөгөөгөө НҮБ-д хүргүүлсэн. Ийнхүү соёрхон баталснаар Парисын хэлэлцээр нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилж, Монгол Улс өөрийн хүлээсэн үүрэг, амлалтыг биелүүлэх учиртай. Цаашлаад үндэсний хэмжээнд тодорхойлсон үүрэг, амлалтаа хэр үр дүнтэй биелүүлснээс хамааран хэлэлцээрт нэгдсэн хөгжингүй орнуудаас санхүүгийн эх үүсвэр татах, технологи шилжүүлэн авах асуудал хамаарна. Иймд Парисын хэлэлцээрийн зорилтыг тунхаг төдий байлгах биш, бодит хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага байна.
Мөн Монгол Улс уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай, гадаад худалдааны хувьд Хятадаас хамааралтай. Хятад 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахих (carbon neutral) зорилтоо зарлаж, Эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн хариуцлагатай сүлжээг шалгах удирдамжийг баталсан. Үүний дагуу ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн (supply chain) дэх зөрчилдөөн, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, бууруулах чиглэлд арга хэмжээ авахаар байна.
Манай улс дотооддоо БОНЗ-ын чиглэлд зохицуулалт хийгээгүй ч Монгол компаниуд Хятадын зах зээлд нэвтрэх, одоогийн ханган нийлүүлэлтийн байр сууриа хангахын тулд Хятадын нийлүүлэлтийн сүлжээнд хамаарах зохицуулалт, шаардлагыг дагаж мөрдөх шаардлага үүснэ. Иймд, манай улс ялангуяа уул уурхайн салбарт БОНЗ-ын шаардлагуудыг нэвтрүүлэх, нэгдсэн тайлагналын баримт бичигтэй болох, түүнийг үнэлүүлэх, олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд БОНЗ-ын стандартад нийцсэн хүний эрх, хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлэх, илүү цэвэр буюу ногоон технологи, практикийг бий болгох хэрэгцээ, төрийн оновчтой зохицуулалт шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.