Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Өлзий энд Ко капитал ҮЦК-ийн Андеррайтерын албаны ахлах шинжээч Б.Баасандоржийн “Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцааны үнэд хийсэн шинжилгээ”-г хүргэж байна.
Монголын хөрөнгийн бирж (MSE) ХК 2022 оны 12-р сард компанийнхаа 34%-ийг анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй санал болгон (IPO) худалдаж, нийт ₮11.9 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Энэ оны 9 сарын 4-ны байдлаар компанийн хувьцааны үнэ ₮411.5 байгаа нь анхдагч зах зээлийн ханш болох ₮100-өөс даруй 4.1 дахин өссөн үзүүлэлт юм.
Ханш өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс
Тус компанийн хувьцааны үнийн өсөлт болон бодит үнэ цэнийг тодорхойлоход макро хүчин зүйлс, тэр дундаа улс төр, хууль эрх зүйн хүчин зүйлс голлох нөлөөллийг үзүүлсэн бөгөөд эдгээрээс заримыг нь он цагийн дараалаар дурдахад,
Түүнчлэн нүүрс дагасан авлигал, албан тушаалтны хэргүүд ар, араасаа гарч, нийгэмд хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан нь нүүрсний үнэ тогтоолт, худалдан борлуулах гэрээ зэргийг ил тод болгох нийгмийн захиалгыг бий болгосон.
Дээр дурдсан макро хүчин зүйлс нь компанийн өнөөгийн болон цаашдын бизнесийн үйл ажиллагааг тэлэх суурь хүчин зүйлс болж байна гэж үзэж байна.
Компанийн өнөөгийн нөхцөл байдал
Салбарын хувьд авч үзэхэд МХБ ХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбарт монопол байдалтай үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар бирж ХХК болон Чингис хаан бирж ХХК зэрэг компаниудын үйл ажиллагаа нь МХБ ХК-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээгүй байгаа юм.
Тус компанийн эздийн өмч 2023 онд өмнөх оны мөн үеэс ₮20.6 тэрбумаар буюу 1.9 дахин өсөж, ₮44.1 тэрбумд хүрсэн нь хөрөнгө дахин үнэлгээний нэмэгдэл, IPO гаргаснаас орж ирсэн дүнгээр эздийн өмч нэмэгдсэн байдал болон хуримтлагдсан ашиг* -ийн дүн өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм. Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээс ₮13.5 тэрбумаар нэмэгдсэн нь хуримтлагдсан ашгийн нөлөөлөл буюу ашигт ажиллагаа өндөр байгааг харуулж байна.
Зураг 1. Эздийн өмчийн дүн
Борлуулалтын орлого 2022 оны дүнгээс ₮12.5 тэрбумаар буюу 3.9 дахин нэмэгдэж, ₮16.7 тэрбумд хүрсэний 68.3%-ийг нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаанаас олсон орлого бүрдүүлж байна.
Зураг 2. Борлуулалтын орлогын бүтэц, 2023
Тус компанийн 2023 оны цэвэр ашгийн дүнг IPO хийх үеийн үнэлгээний тайланд тусгасан дүнтэй харьцуулахад 5.5 дахин өндөр байсан төдийгүй 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн дүн нь 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгийн төсөөллөөс даруй 5.4 дахин өндөр байгаа нь компанийн үнэлгээнд мэдэгдэхүйц нөлөөлөх чухал үр дүн юм.
Зураг 3. Цэвэр ашгийн дүн, тэрбум ₮
Хувьцааны үнэлгээ vs Бодит үнэ цэн
Хувьцааны үнэлгээг хийхдээ компанийн чөлөөт мөнгөн урсгалыг 5 жилээр тооцоолон, үлдэгдэл хугацааг тогтмол өсөлттэй байхаар төсөөлсөн бөгөөд энэхүү төсөөлөлд тулгуурлан хорогдуулсан мөнгөн урсгалын аргаар (FCFE) гүйцэтгэлээ. Мөн нэмэлтээр зах зээлийн нөхцөл байдал, хөрөнгө оруулагчдын хандлага зэргийг тусгах үүднээс бизнесийн үнэлгээний (EV) аргыг ашигласан болно.
Дээрх 2 аргаар гүйцэтгэсэн хувьцааны үнэлгээг 50/50 хувиар жинлэсэн байдлаар авч үзэхэд бодит үнэлгээ ₮612.2 гарсан ба 2024 оны 9-р сарын 4-ний өдрийн байдлаарх зах зээлийн ханш ₮411.51-тэй харьцуулахад энэхүү хувьцаа нь 48.8% доогуур үнэлэгдсэн байна гэж тооцоолов.
Дүгнэлт
Үүнээс дүгнэн үзэхэд тус компанийн үйл ажиллагаа тэлж, ашигт ажиллагаа нэмэгдэхэд макро хүчин зүйлс, тэр дундаа улс төр, хууль эрх зүйн дэмжлэг эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь тухайн бизнес цаашид ч өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
МХБ ХК-ийн бизнесийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж, ашигт ажиллагаа нь эрс нэмэгдсэн ба хөгжлийнхөө эхний үе шатанд явж буй (уул уурхайн бүтээгдэхүүний бирж) салбартаа манлайлагч (монопол) нээлттэй компани юм. Мөн цаашид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд”-ийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүн “100.0%” биржээр арилжаалагдах, үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хадгаламжийн сертификат, үүсмэл үнэт цаас болон бусад үнэт цаасны үйлчилгээ биржээр арилжаалагдаж эхэлснээр тус компанийн борлуулалт, ашигт ажиллагаа өсөн нэмэгдэх хүлээлт өндөр байна
*Энэхүү дүгнэлт нь МХБ ХК-ийн 2023 оны 12-р сарын 31 өдрөөр тасалбар болгосон санхүүгийн тайлан, 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан болон бусад олон нийтэд нээлттэй болгосон мэдээлэлд үндэслэн “зөвхөн мэдээллийн зорилгоор” боловсруулсан бөгөөд зах зээлийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
Тиймээс хөрөнгө оруулагч та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан сайтар нягталж гаргах нь зүйтэй бөгөөд энэхүү мэдээллээс үүдсэн аливаа эрсдэлийг Өлзий & Кo капитал ҮЦК ХХК болон судлаач ямар нэгэн байдлаар хариуцахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
МХБ ХК-ийн хувьцааны судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.