
Сошиал медиагийн аваргууд болох Meta (META), Google (GOOG), TikTok, Snap өсвөр насныхныг платформдоо донтуулж, сэтгэцийн эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэх шүүхийн маргааны улмаас нийт $400 тэрбумын нөхөн төлбөр төлөх эрсдэлтэй нүүр туллаа.
📂 Хэргийн шалтгаан
Өнгөрсөн 3-р сард Америкийн шүүх анх удаа $META болон YouTube-г өсвөр насны хэрэглэгчийн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай гэж үзэж, $6 саяын нөхөн төлбөр ногдуулсан. Үүний дараа ижил төстэй нэхэмжлэлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн шүүх хурлын үеэр компаниудын дотоод баримтууд ил болж, платформын үйл ажиллагааг мөрийтэй тоглоом болон тамхины үйлдвэрлэлтэй зүйрлэсэн нь тэдний нэр хүндэд сэв суулгаад байна.
🔍 Цаашид юу болох вэ?
Одоогоор эдгээр 4 компанийн эсрэг 10,000 орчим хувь хүн, 2,000 гаруй боловсролын байгууллагаас гаргасан нэхэмжлэл, гомдол шүүх дээр хүлээгдэж байна. Үүн дээр нэмээд Америкийн мужуудын нэхэмжлэлийг тооцвол технологийн томчуудын төлөх нөхөн төлбөр $400 тэрбумд хүрч болзошгүй аж.
Эцэст нь… Хэрэглэгчдийн анхаарлыг аль болох удаан барих зорилготой infinite scroll, автоматаар тоглуулах зэрэг функц технологийн аваргуудад асар их ашиг авчирсан. Харин одоо хэрэглэгчдийг дэлгэцийн өмнө удаан байлгах тэрхүү стратеги нь технологийн аваргуудын түүхэн дэх хамгийн үнэтэй алдаа болж мэдэхээр байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.