
2026 он гарснаас хойш нэг баррель газрын тосны үнэ 93.4% өсөж $112.1-т хүрлээ. Ойрх дорнодод өрнөж буй Ираны дайнаас шалтгаалсан энэхүү хямрал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус хэвээр байна. Тэгсэн энэ цөвүүн цагт хойд хөршөөс дахин нэг хүндхэн мэдээ дуулгажээ.
🇷🇺 Шатахуун өгөхгүй
Өнгөрсөн долоо хоногт хойд хөршөөс шатахууны экспортод тавьсан хоригоо өргөтгөх шийдвэр гаргалаа. Ингэснээр Орос дотооддоо шатахууны үнээ тогтворжуулах, хөдөө аж ахуйн улирлын эрэлтийг хангах, шатахууны хомсдолоос сэргийлэх боломж үүсэх аж. Түүнчлэн тус шийдвэр нь ирэх 7 сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд аз болж Монголтой байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ уг хоригт орохгүй буюу бид шатахуунаа үргэлжлүүлэн авахаар тусгагджээ.
🇲🇳 Шалдар булдар
Шинэ ЗГ томилогдсон даруйдаа маргааш нь анхны хуралдаанаа хийхээр байсан ч өнөөдөр болгож хойшлуулсан. Гол нь тус хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байв. Дотоодод АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны үнэ энэ сард Оросоос нэмэгдсэн үнээр орж ирнэ.
Эцэст нь… Дотоодын шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахаар ЗГ-аас "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна. Нэг үгээр шатахууны татварт зохицуулалт хийх замаар үнийн өсөлтийг бууруулах аж. 👨🏻⚖️
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.