
Монгол Улс 2026 оны эхний 10 сард $28.8 тэрбумын гадаад худалдаа хийж, экспорт импортоосоо $6.9 тэрбумаар давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их, өмнөх оргил болох 2023 оны $4.9 тэрбумаас 40% өндөр дүн юм.
💸 Экспорт: 6 жилд бараг 3 дахин
Жилийн эхний 10 сарын экспорт 2020 онд $6 тэрбум байсан бол энэ жил $17.9 тэрбумд хүрсэн байгаа юм. Тэр дундаа нүүрсний экспорт 88.9 сая тн болж жилийн өмнөхөөсөө 36.9%, зэсийн баяжмал 2.13 сая тн болж 15%, төмрийн хүдэр 7.45 сая тн-д хүрч 3.2% тус тус өсжээ. Нэмээд ноолуурын экспорт 24.6% өссөн нь уул уурхайн бус салбарын сайн мэдээ.
👀 Хоёрхон тулгууртай эдийн засаг
Эхний 9 сарын байдлаар экспортын орлогын 43.7%-ийг зэс, 36.9%-ийг нүүрс бүрдүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, $10 тутмын $8 нь хоёрхон бүтээгдэхүүнээс орж ирж байна. 2025 онд экспорт 7% орчмоор буурч байсан нь энэ хамаарал хэр эмзэг болохыг харуулсан.
🔻 Өсөлтийн хурд саарч эхэллээ
Эхний 8 сард 57.2% байсан экспортын өсөлт 9 сард 51.3%, 10 сард 46% болж буурав. Хятадын Ганцмод боомтод нүүр таних систем суурилуулж буйгаас Оюу толгойн зэсийн баяжмалын тээвэр 10-р сарын сүүлээр 70% орчмоор унасан. Энэ ажил 12-р сарын сүүл хүртэл үргэлжилж магадгүй гээд байдаг.
Эцэст нь... Түүхэн дээд хэмжээг шинэчилсэн гадаад худалдааны ашиг бол сайн мэдээ ч энэ нь түүхий эдийн үнэ, хилийн нэвтрэх чадвар, Хятадын эрэлтээс шууд хамааралтай хэвээр. Ганцмодын хязгаарлалт үлдсэн 2 сард тэнцлийг хэр бууруулах нь жилийн эцсийн дүнг тодорхойлох нь дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.