Lemonade цувралын IV улирал хамгийн эхний дугаарт реппер, продюсер, "Big Gee's Foods"-н үүсгэн байгуулагч Т.Мөнх-Эрдэнэ буюу бидний мэддэгээр Big Gee оролцлоо.
Уран бүтээлчдэд мөнгө олох нь хэр чухал вэ?
Ер нь мөнгө олох гэж реп хийдэггүй. Хүмүүс мөнгө хөөлөө л гэдэг. Гэхдээ яагаад мөнгө хөөж болохгүй гэж? Яагаад гаднын репперүүд баян, монгол репперүүд ядуу байх ёстой гэж? Гэвч мэдээж мөнгөний төлөө мөн чанар, жанжин шугамаа зарж болохгүй шүү дээ. Тэр нь үзэгч, дэмжигчдээ хайрлаж буй хайр. Тэдний хүндэтгэл, хайрыг сонгууль гэх мэт жижиг сажиг зүйлд зараад байж болохгүй. Бизнесийн хувьд тэд нараасаа дэмжлэг хүсэж болох юм. Харин нөгөө талаас тэд нарынхаа тархийг угаах хэрэгсэл болж болохгүй. Тэгэхээр хэн нэгний зэвсэг болоод яваад баймааргүй байна ах дүүс ээ!
Big Gee’s Foods хэрхэн үүссэн бэ?
Хоёр найзтайгаа нийлээд гурвуулаа хувь эзэмшдэг компани байгаа. Эхний бүтээгдэхүүн маань пиццагаар гарсан. Дараа дараагийн шинэ бүтээгдэхүүнүүд гарна. Бид гурав энэ компанидаа өөрсдийн чаддаг зүйлсээ хийдэг. Миний хувьд маркетинг гэх мэт ажлаа хариуцдаг. Найз маань гадаад харилцаа, ачаа тээврээ зохицуулдаг бол нөгөө найз маань хадгалалт, борлуулалтын асуудлыг хариуцаад нэгнээ нөхөөд явдаг.
Таны тайзны үнэлгээ хэд вэ?
Тайзны үзүүлбэрийн үнэлгээг чангахан дуугардаг. Одоо тэр цаг нь болсон гэж боддог. Ер нь бид нар тайзан дээр гараад үзүүлж өгдөг шүү дээ. Анх ₮50,000-₮100,000-өөр дуулчихдаг байсан. Тэр үед хип хоп доогуур үнэлгээтэй байлаа. Яагаад рок поп хэдэн саяар үнэлэгдээд хип хоп хэдхэн зуун мянгаар үнэлэгдэх ёстой юм гэж надад бодогдсон. Ингээд би өөрийнхөө үнэлгээг тухайн үеэс 10 дахин нэмсэн л дээ. Мэдээж анх дуулж байсан үеэ бодоход хэд хэдэн цомог гаргасан байсан. Гэтэл хип хопчдыг ийм үнэлгээгээр авахгүй гэх хандлага гарснаар бүсээ чангалж байгаа юм л даа. Гэхдээ тэр үе бол хамгийн амттай бүсээ чангалалт байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл дараа нь энэ үнэ цэн улам өснө гэдгийг би мэдэж байсан. Олон үзэгч сонсохыг хүсэж байхад бид нарыг авч л таарна. Одоо бол анх дуулж байсан үнээсээ 100 дахин өндөр үнээр дуулдаг. Гэхдээ энэ хүрэх зам амархан байгаагүй.
Таны хувьд юу хамгийн үнэ цэнтэй вэ?
Юуг яаж юугаар үнэлэх вэ гэдгээр үнэ цэнийг тодорхойлох байх. Харамсалтай нь сүүлийн үед юмыг үнэлэх үнэлэмж нь мөнгө болчхоод байна. Мөнгө залуучуудын дунд бараг шинэ үеийн шашин шиг болчихсон. Тийм байдлыг ч сурталчлах, мөнгөтэй л байвал бүх юмтай, зовлонгүй юм шиг дуулах, үлгэр жишээ болох нь их байна. Гэвч мөнгөөр үнэлэгддэггүй зүйлс гэж бий. Тэрийг мэдэрвэл амьдрал бүр илүү амттай гэж надад санагддаг. Надад байгаа хамгийн үнэ цэнтэй зүйл бол миний гэр бүл. Тэгэхээр хамгийн үнэ цэнтэй зүйлээ л хайрламаар санагддаг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.