
Нийслэлийн төсөв 2023 оноос хойш гэрлийн хурдаар тэлж байгаа. Хажуугаар нь жил бүр батлагдсан төсвийг нэмж тодотгодог. Он гарснаас хойш 8 долоо хоногийн дараа энэ тойрог дахиад л үргэлжиллээ.
🤒 Нэмнэ, нэмнэ тултал нэмнэ
2021-2025 оны хооронд нийслэлийн төсвийн орлого болон зардал жилд дунджаар 40% нэмэгдсэн. Тэр дундаа 2024 оны сонгуулийн жил бол зах замбараагүй өсөв. Зардал нь л гэхэд 75% тэлж ₮5.6 их наядыг давсан аж. Харин өнгөрсөн онд энэ тоо улам талийж ₮7.3 их наядыг шүргэснээр төсвийн алдагдал рекорд тогтоож ₮3 их наяд болжээ.
❌ Тэлэлтийн үр дүн?
Одоогоос 2 жилийн өмнө сургууль хэрэгтэй байна, метротой болмоор байна гээд төсөвт тодотгол оруулж байв. Гэтэл одоо ч сургуулийн асуудал дорвитой шийдэгдээгүйн дээр метроны бүтээн байгуулалт дээр цэг ч тавиагүй байгаа. Дэд бүтцийн төслүүдийг урагшлуулна гээд төсвөө нэмээд тодотгоод байдаг ч үр дүнг нь хэн ч сөхөхгүй байгаа нь асуудал. Нийслэлийн засаг даргын орлогч нь нүүрс зэсийн үнэтэй уялдуулаад боломжтой үедээ төсвөө тэлээд явъя гээд сууж байна.
🥲 Тодотгол 2026: ₮350 тэрбумын үл үзэгдэгч трамвай
Энэ жилийн тухайд COP17-г зохион байгуулахад ₮71 тэрбум, ₮200 тэрбумын бонд гаргаж ДЦС-5 төсөлд хөрөнгө оруулахын тулд ₮1.5 тэрбумын зардал, одоо ч нүдэнд үл үзэгдэх трамвай төслөө урагшлуулмаар байна гээд ₮350 тэрбум хэрэгтэй болж гэнэ. Төсөв өргөн барихад тусгаж болоогүй бололтой. ₮350 тэрбумыг трамвай төслийн ямар үе шатад, яаж зарцуулах нь тодорхойгүй.
Эцэст нь… Төсөв замбараагүй тэлэхийн хэрээр хаа сайгүй болсон болоогүй төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ онд зээлээр хэрэгжүүлж байгаа 14 төслийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт ₮100.3 тэрбумыг төлнө. Үр дүнгийн хэмжилт бас л байхгүй. Нэмээд нийслэлийн төсвийн талаарх тоо баримт ч замбараагүй, төсвийн төсөл дээр нэг өөр, ҮСХ дээр нэг өөр, гүйцэтгэлийн тайлан дээр бүр ч өөр байна. Ай тоогүй, тоогүй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.