
Татварын Ерөнхий Газар (ТЕГ)-тай ₮2.7 тэрбумын маргаантай байгаа Kincora Copper (KCC.XA) Монгол дахь “Хүрэл үнэг” төслөө Woomera Mining (WML.XA)-д худалдахаар болоод буй. Улмаар 175 км.кв талбайг хамардаг “Хүрэл үнэг” хайгуулын лицензийн 80%-ийг Woomera Mining эзэмшихээр болж байна.
🧔♂️ Шинэ эзэн Woomera Mining
Тохиролцооны дагуу Woomera Mining төслийн 80%-ийг эзэмшихийн тулд 5 жилийн хугацаанд $6.1 саяыг хөрөнгө оруулах бөгөөд 80%-д хүрмэгц компани үлдсэн 20%-ийг $10 саяар худалдан авах эсвэл эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарах хүртэл хамтран ажиллах боломжтой юм. Kincorra Copper-н хувьд татварын маргааны дараа буюу өнгөрсөн оноос эхлэн Монгол дахь хөрөнгүүдээ худалдахаар төлөвлөж буйгаа мэдээлж байсан.
📝 Хэрэг явдал
Kincora Copper-н татварын маргаан өдгөө 4 дэх жил рүүгээ орж байна. Тухайлбал, 2021 онд тэдний охин компани болох Golden Grouse IBEX-тэй нэгдэх хэлцэл хийснээр ТЕГ-аас ₮2.7 тэрбумын татвар ногдуулж байсан. Улмаар компани тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсанаас хойш маргаан нь давж заалдах шатны шүүхээс Дээд шүүх, Дээд шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэхчлэн хөлбөмбөг тоглож байгаа юм шиг л шидэгдсээр ирсэн.
Эцэст нь… Гадаадын хөрөнгө оруулалтын талаар ярих бүрд “Хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого байдаггүй юм аа гэхэд ядаж хууль эрх зүйн орчноо тогтвортой, тодорхой байлгаач ээ” гэх үг олонтоо сонсогддог. Дээрх компаниудын хувьд шийдвэр аль ч талдаа гарсан одоогийн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин хий ихтэй, хөрөнгө оруулагчдыг татах нь байтугай үргээх чиглэлд ажилладаг гэдэг нь харагдах шиг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.