Өнгөрсөн Мягмар гарагт Tesla I улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцуулж, ашиг нь 71% унаж $409 саяд хүрчээ. Сонордуулахад, Илон Маск ирэх сараас Tesla-д илүү их цаг зарцуулахаа амласнаар алдагдалтай тайлантай ч компанийн хувьцааны үнэ 5% өссөн юм.
🥶 Навс уналаа
Тайлан руугаа буцаад ороход, компанийн ашиг I улиралд өнгөрсөн жилийн мөн үеэс бараг $1 тэрбумаар буурсан нь Tesla-н ид эрчээ авч эхэлсэн 2021 оноос хойших түүхэн гэж хэлж болох бууралт. Цаашлаад, нийт орлого нь 9% буурч $19.3 тэрбум болжээ. Энэ тооны ард компанийн орлогыг бүрдүүлж буй 3 бизнесийн 1 нь бууралттай, өнөө 2 нь өсөлттэй гарсан. Тодруулбал, EV-н орлого нь 20% буурч $13.9 тэрбумд хүрчээ.
💔 Шүд, толгойн өвчин
Tesla-н EV борлуулалт ер нь л базаахгүй байгаа. Тус улиралд компани 336,681 EV борлуулсныг үйлдвэрлэлтэй нь харьцуулбал, үйлдвэрлэсэн EV-нхээ 92.8%-ийг борлуулсан байгаа юм. Ингээд харвал чамлахааргүй гүйцэтгэл ч компани эрэлт буурч байгаагийн улмаас үйлдвэрлэлдээ тохируулга хийж гарцаа танасан нь нөлөөлсөн. Угтаа үйлдвэрлэл нь 16% буурчхаад байгаа.
Эцэст нь… Илон Маск сүүлийн 3 жилд анхаарлаа Twitter, улс төрд чиглүүлж, ТУЗ болон хөрөнгө оруулагчдынхаа шүүмжлэлд ихээхэн өртсөн. Харин энэ удаа DOGE-с холдож, Tesla-д анхаарахаа амлаж, тэднийг түрхэн тайвшрууллаа. Дотоод, гадаадгүй л 100% анхаарах ёстой нэг ажилтай үлдлээ дээ…
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.