Монгол эрчим хүчнийхээ 9.2%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна
Бид сүүлийн 5 жилд нийт эрчим хүчнийхээ дунджаар 80.2%-ийг үйлдвэрлэж, 19.8%-ийг импортолжээ. Үйлдвэрлэсэн нийт цахилгааны 71.8%-ийг нүүрснээс гаргаж авсан. Гэтэл цаана чинь бүх улс орон эрчим хүчний шилжилт хийж байна. Бид энэ том өөрчлөлтийн хаана явна вэ?
Том амлалт
Бид Парисын хэлэлцээрийн үеэр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх томоохон амлалтуудыг авсан. Үүнд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нийтэд эзлэх хувийг 30%-д хүргэх зорилт багтана. Ингэхээр бид нүүрсэн цахилгаан станцаа халж сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ёстой. Нүүрсээр хоолоо олж иддэг улс нүүрснээс татгалзах боломжтой болов уу?
- 10% ч хүрэхгүй: 2030 он болоход 7 жил үлдэж. Харин одоогийн байдлаар бол манай нийт эрчим хүчний 90.8%-ийг дулааны цахилгаан станц бүрдүүлж байгаа бол ердөө 9.2%-ийг сэргээгдэх эрчим хүч (СЭХ)-нээс гаргаж авч байна. Түүнчлэн нийт СЭХ-ний 67.9%-ийг салхин цахилгаан станц бүрдүүлж буй. Тэгэхээр СЭХ-ний нийтэд эзлэх хувь 30%-д хүрэх ч өдий байна даа.
Жинхэнэ дүр төрх
Яг одоо бол манай хэдэн нүүрсний станц алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авч л үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй. Дээрээс нь баахан л салхин, усан цахилгаан станц яриад хэдэн 10 жил болж байгаа ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм даан ч алга.
- Үл тасрах алдагдлын цуваа: Манай эрчим хүчний компаниуд жил бүр л алдагдалтай ажилладаг. 2022 оны нийт алдагдал нь л гэхэд 2018 оныхоос 14 дахин өсөж ₮187.3 тэрбумд хүрчээ. Үүний дийлэнх буюу 79.8%-ийг бүсүүдийн нэгдсэн сүлжээ, дулааны станцуудын алдагдал бүрдүүлж буй.
- Ганц сайн мэдээ: Өнгөрсөн онд Монголын анхны том чадлын батарей станц ашиглалтад орсноор цахилгааны оргил ачаалал болон Оросоос авах импортын цахилгааны хэрэглээг 59 МВт-аар бууруулсан. Гэхдээ цаашид хэд хэдэн батарей станц шаардлагатай байгаа ч санхүүжилтийн асуудал дээрээ гацчихаад л сууж байна.
Уг нь бол, эрчим хүчний шилжилтийн яг энэ үеэс бид хоцрохгүй байж чадвал маш том өөрчлөлт гарна. Учир нь дэлхий даяар эрчим хүчний шилжилт хийж байгаатай холбоотойгоор EV моодонд орж чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Бидэнд энэ эрэлтийг хангах зэс, газрын ховор элемент гээд зөндөө л түүхий эдийн нөөц байна. Гэтэл үүнийхээ хайгуул, олборлолтын ажлыг хурдасгах нь битгий хэл өөрсдөө нүүрсээ түлээд л сууж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.