Аж ахуйн нэгж байгууллага (ААНБ)-ын цахилгаан эрчим хүчний үнэ 28% өсөхөд ерөнхий үнийн түвшин 0.7%-иар өсөх тооцоолол гарчээ. Нэлээд нөлөөтэй байгаа биз?
- Судалгаа: Монголбанкнаас цахилгаан эрчим хүчний үнийн өөрчлөлтийн бусад бараа бүтээгдэхүүн болон ерөнхий үнийн түвшинд үзүүлэх нөлөөг судалжээ.
Заа, яаж нөлөөлнө гэнэ ээ?
ЗГ-аас 2022 онд ААНБ-ын цахилгаан эрчим хүчний үнийг 28% нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь инфляцыг 0.8% нэмэгдүүлж, усан хангамж, ус зайлуулах системийн бараа бүтээгдэхүүний үнийг 6% өсгөнө гэж тооцоолжээ. Угаас цахилгааны үнэ өсчихөөр урсгал зардал нэмэгдэж, энэ зардал бараа бүтээгдэхүүний үнэд шингэх билээ.
- Хэд юм бэ? Ер нь цахилгааны үнэ хэд болохыг мэдэх хүн байна уу? Ихэнх нь сард гарч буй төлбөрөө нэг их анзаарахгүй төлж харагддаг. Ковид-19-ийн үеэр өрх, тодорхой төрлийн ААНБ-ын цахилгааны үнийг тэглэсэн. Үүний ачаар ч гэх үү, балгаар ч гэх үү, 2022 онд цахилгаан үйлдвэрлэх түүхий эдийн үнэ, тээврийн зардал өсөж ААНБ-ын цахилгааны дундаж тариф ₮215.1/кВт.цаг болсон.
- Хазгай жишиг: Харин өрхийн цахилгааны үнэ ₮61.1/кВт.цаг буюу бодит өртгөөс 39.6% доогуур байгаа аж. Уг нь бол бусад улсад ААНБ-ын цахилгааны үнэ өрхийн үнээс доогуур байх хандлагатай байхад манайд бол эсрэгээрээ. Тиймээс л эрчим хүчний замбараагүй хэрэглээний асуудал яригдаад байгаа.
- Хүндхэн нөхцөл: Өрхийн цахилгааны үнэ бодит өртгөөс доогуур байгаагаас үүдэн 2022 оны байдлаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын үйл ажиллагааны алдагдал 2019 оныхоос 68% өсөж ₮187.3 тэрбум болсон. Үүнийгээ нөхөхийн тулд улсын төсвөөс ₮33.8 тэрбумын татаас авчээ.
Хүсэвч хясна
Уг нь бол бид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилготой. Гэтэл сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь уламжлалт үйлдвэрлэлийн өртөгтэй харьцуулахад 3-5 дахин өндөр. Үнийн харьцангуй байдлаас үүдэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний өсөлт удаашралтай байгаа юм. Тиймээс нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цахилгааны өртгийг сэргээгдэх эрчим хүчний өртөгт дүйцүүлэн өсгөх, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтад татвар ногдуулах хувилбарууд бий.
- Хэрэв: 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын тн тутамд ногдуулах татварыг жил бүр тогтмол хэмжээгээр нэмэгдүүлэх замаар $50-т хүргэвэл цахилгааны үнэ 333.5% өсөх тооцоолол гарчээ.
Эцэст нь, эрчим хүчний шилжилт хийх бол зайлшгүй асуудал. Гол нь ямар замаар асуудлаа шийдэх вэ гэдэг л чухал байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.