Rio Tinto (RIO)-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төсөл 27 жил дараалан хойшлогдсоны эцэст одоо л эхлэх гэж байгаа билээ. Дэлхийн хамгийн том уул уурхайн төслийн ингэж их цаг алдсан шалтгаан юу байв?
Маргаан ба Улс төр
Rio Tinto болон Гвинейн хэлэлцээрийн үеэр тус улсын Ерөнхийлөгч болон ЗГ тус тус 4 удаа солигдож, 2 удаа төрийн эргэлт гарсан байдаг. Улмаар уялдаа холбоогүй бодлого баримталж, лиценз олголт удаашруулсан хэрэг. Манайд болдог л зүй тогтол байна даа. Тодруулъя,
- Манайх танайх: Rio Tinto, Гвинейн ЗГ, Хятад зэрэг оролцогч талуудын хооронд хийсэн хэлэлцээ нь өмчлөлийн хувь хэмжээ, орлогын хуваарилалтын нарийн төвөгтэй гэрээ хэлэлцээр, санал зөрөлдөөнтэй байсан тул өргөн хүрээний хэлэлцүүлэг, засвар хийх шаардлагатай тулгарсан юм.
- Юун Хятад болоод явчхав? Rio Tinto одоогоор Simfer S.A нэртэй хамтарсан компаниар дамжуулан Simandou-н 3, 4-р талбайн 53%-ийг эзэмшиж байгаа бол үлдсэн 47%-ийг Хятадын Chinalco-н охин компани болох Chalco Iron Ore Holdings эзэмшдэг.
- Нарийн төвөгтэй байдал: Түүнчлэн Simandou төсөл нь асар том цар хүрээтэй тул 552 км төмөр зам, гүний усан боомт зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт, нарийн төлөвлөлт шаардлагатай байв. Энэ бүхний санхүүжилтийг хангах, ТЭЗҮ боловсруулах, логистикийг удирдахад ч бэрхшээл тулгарсан. Иймээс л бүхэл бүтэн 27 жилийг зарцуулсан хэрэг.
Одоо юу болох вэ?
Simandou нь 2.4 тэрбум тн төмрийн хүдрийн нөөцтэй дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн ордуудын нэг. Өөрөөр бол дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10%-ийг эзэлдэг гэсэн үг. Тус ордын хүдэр нь 65% орчим төмрийн агууламжтай буюу төмрийн агууламж нь дэлхийн дунджаас 7 нэгж хувиар илүү. Уг төсөл хөдөлгөөнд орсноор Гвинейн эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хөгжлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой болох юм.
- Зах зээлд ч нөлөөтэй: Түүнчлэн Simandou бүрэн ашиглалтад орсноор жилийн 110 сая тн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоогийн дэлхийн төмрийн хүдрийн олборлолтын ойролцоогоор 7%-тай дүйж буй. Мөн Simandou-н нөлөөгөөр зах зээлийн нийт хөрвөх чадвар нэмэгдэхээс гадна Австрали, Бразил зэрэг одоо байгаа томоохон үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх байр суурь бага зэрэг буурч магадгүй байгаа юм.
Хөрсөн дээр буулгая
Энэ хүртэл уншаад танд юу бодогдов? Монгол Гвиней хоёрын хооронд ялгаа байна уу? Яах вэ, Оюу толгой төсөл арай ч 27 жил хойшлогдоогүй. Гэхдээ,
- Одоо ч асуудал байгаа: Rio Tinto болон манай ЗГ хоорондын татварын маргаан бүрэн эцэслэгдээгүй байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгойн ААНОАТ, АМНАТ, НӨАТ, Гааль, Үл хөдлөх хөрөнгө гэх мэт татваруудын хувь хэмжээг тухайн үеийн хуульд заасан хэмжээнд тогтворжуулсан ч татварын орчныг бүхлээр нь тогтворжуулаагүй. Иймээс л одоог хүртэл асуудлыг шийдэж чадахгүй нэг талаас татварын акт тавьж нөгөө талаас арбитрын шүүхэд хандаад буй.
- Ер нь яах ёстой юм бэ? Хууль эрх зүйн зохистой орчин болон дэд бүтцийн асуудлыг шийдэх нэн шаардлагатай байна. Тиймээс лицензийн үйл явцыг ил тод болгож хялбаршуулах, төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа зам тээвэр, эрчим хүч, усан хангамжийг дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах гээд бидэнд шийдэх асуудал ч их байна даа.
Эцэст нь, зөвхөн Монголд ч гэлтгүй хаа сайгүй л уул уурхайн салбарыг тойрсон асуудал бий. Гол нь үүнийгээ хэр хурдан шийдэж байна вэ, гэдэг л чухал. Манай уул уурхайн салбар лаг хөгжчихсөн юм ерөөс байхгүй. Одоо дахиад ч хэд хэдэн томоохон уул уурхайн төсөл эхлэх гээд явж байна. Гол нь хайгуул, олборлолтын зөвшөөрлийн асуудал, эрчим хүчний асуудал гээд маш том том нүх рүү уначхаад байгаа болохоос биш уг нь бол Монголын уул уурхайн салбарт маш том потенциал бий.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.