
Хятадын Шямэнь хотноо 2026 оны 9-р сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн Олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны үзэсгэлэн (CIFIT 2026)-д Монголоос Тээвэр хөгжлийн банк оролцлоо.
Олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн “CIFIT 2026” үзэсгэлэнгийн хүрээнд хил дамнасан юанийн төлбөр тооцооны дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан юм.
Энэ жилийн арга хэмжээнд 70 гаруй банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Тээвэр хөгжлийн банк нь CIPS буюу Юанийн банк хоорондын төлбөр тооцооны системийн Шууд оролцогч банкны хувиар тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ оролцож байгаагаараа онцлогтой.
Үзэсгэлэнгийн үеэр Тээвэр хөгжлийн банкны төлөөлөгчид олон улсын түнш банк, санхүүгийн байгууллагуудтай хоёр талт уулзалтууд хийж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монголын эдийн засаг, санхүүгийн салбарын орчин, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжуудыг Хятадын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад танилцуулан ажиллаж байгааг онцлов. “CIFIT 2026” дахь энэхүү оролцоо нь Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын санхүүгийн харилцааг өргөжүүлэх, олон улсын банк, санхүүгийн сүлжээнд Тээвэр хөгжлийн банкны байр суурийг бэхжүүлэх, улмаар харилцагчдадаа хил дамнасан төлбөр тооцоо, санхүүгийн илүү шуурхай, үр ашигтай шийдлүүдийг хүргэхэд чиглэж байна.
Дашрамд дурдахад, Тээвэр хөгжлийн банк нь 2025 онд Монголд төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт CIPS-н Шууд оролцогч болсон анхны банк бөгөөд энэхүү давуу тал нь хил дамнасан юанийн төлбөр тооцоог дундын банкаар дамжуулахгүйгээр шууд гүйцэтгэх шинэ боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр харилцагчид юанийн гүйлгээгээ илүү хурдан, хялбар, хэмнэлттэй гүйцэтгэхийн зэрэгцээ БНХАУ-тай хийх худалдаа, бизнесийн төлбөр тооцоонд олон улсын түвшний санхүүгийн дэд бүтцийг ашиглах боломжтой болсон билээ.
Эх сурвалж: Тээвэр хөгжлийн банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.