Өнгөрсөн оны эцсээр зөвшөөрлөө авсан ХААН Банкны IPO ирэх 7 хоногт эхэлнэ. Хөрөнгийн зах зээлийн түүхийг шинэчлэх уг IPO-той товчхон танилцъя.
IPO эргэн тойронд
Олон нийтэд нээлттэй болж буй Монголын хамгийн том банк юу санал болгож байгаа вэ?
- Татан төвлөрүүлэх дүн: Компани нийт хувьцааныхаа 10%-иа нэгжийг нь ₮959-өөр санал болгож, нийт ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зэхэж буй.
- Анхдагч арилжаа: Тэдний анхдагч зах зээлийн арилжаа 4 сарын 13-наас 19-ний хооронд явагдана. Харин урьдчилсан захиалга нь өчигдөр эхэлчихсэн шүү.
- Хамтрагч байгууллагууд: Тэргүүлэх андеррайтераар БиДиСек (BDS), туслах андеррайтераар нь Таван Богд Капитал ҮЦК ажиллаж буй. Хөндлөнгийн аудитыг “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК хийж, “БДО Аудит” ХХК үнэлгээг нь хийжээ.
Хамгийн, хамгийн, хамгийн…
- Хамгийн том банк: Өнгөрсөн оны эцсээр банкны салбар нийт ₮46.2 их наядын хөрөнгөтэй байсан ба үүний 32.6% буюу ₮15.1 их наядыг ХААН Банк дангаараа бүрдүүлжээ. Хүн амын 82%-д санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг тэд банкны салбарын нийт зээлийн 37.1%-ийг олгожээ.
- Хамгийн том IPO: ХААН Банк ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэлт нь сүүлийн 10 IPO-р татан төвлөрүүлж буй ₮425.1 тэрбумын 43.1%-ийг эзлэх аж. Улмаар ХЗЗ-ийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO болох нь.
- Хамгийн том ХК: БДО аудит ХХК тус IPO-н хөндлөнгийн үнэлэгчээр ажилласан бөгөөд ХААН Банкны бизнесийг ₮1.8 их наядаар үнэлж буй. Энэ нь олон жилийн турш хамгийн өндөр үнэлгээтэй компани байсаар ирсэн АПУ (APU)-гийн ₮1.4 их наядын үнэлгээнээс ч өндөр юм.
Эцэст нь... Монголын ХЗЗ-ийн түүхэнд тодоор үлдэх уг IPO-н талаар илүү дэлгэрүүлэн хүргэх тусгай дугаарыг энэ Бямба гарагт хүлээн авч хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөе. Хөрөнгө оруулалт тань мэргэн байг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.