Оны төгсгөл болж байгаа тул 2024 оны Монголын улс төр болон гадаад харилцааг тодорхойлох 4 түүхийг хуваалцъя. Санаж, сэрж эргэж харж байхгүй бол горьгүй нь…
🧑🤝🧑 Түүхэн олуулаа, Түүхэн буцаалт
2024 он бол Монголын улс төрийн түүхэд маш онцгой сонгууль болж УИХ 4 нам, 1 эвслээс бүрдэх болсон. Улмаар анх удаа хамгийн олон буюу 126 гишүүнтэй болсон УИХ-ын эхний том даалгавар нь ЗГ-аас өргөн барьсан түүхэн том 2025 оны төсвийг батлах уу, эсвэл амлалтдаа хүрч алдагдалгүй төсөв батлах уу гэдэг байв.
Харамсалтай нь олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан данхгараас данхгар тус төсвийг 65%-ийн саналтайгаар баталсан ч үүнээс 11 өдрийн дараа Ерөнхийлөгч баталсан төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. Удахгүй эдийн засгийн тоймоороо төсвийн талаар тодорхой мартаж боломгүй тоонуудыг сануулам зээ.
💥 Гадаад харилцааны өндөр жил
Харин гадаад харилцааны хувьд, энэ онд Монголд Хаан, Хатан, Ерөнхийлөгч, ТНБД, сайд, ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч гэхчлэн 12 улс, 1 ОУ-ын байгууллагын Ерөнхийлөгч зочилсон өндөр жил байлаа. УИХ-ын сонгуультай жил гэх утгаараа сонгуулиас өмнө Герман, Их Британиас л дээд хэмжээний айлчлал хийсэн бол яг сонгуулийн сард Беларусь, Лаосын Ерөнхийлөгч нар ирээд буцав. Харин сонгуулийн дараа дээд хэмжээний айлчлал жинхэнэ утгаараа эрчимжсэн дээ.
🆕 Шинэ 13 Элчин сайд + 8 Хавсран суух Элчин сайд
Айлчлалаас дутуугүй энэ онд Франц, Итали, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Энэтхэг тэргүүтэй 13 орноос шинээр Элчин сайд нар томилогдож ирээд буй. Үүний хажуугаар Пакистан, Нидерланд гэхчлэн 8 улсаас хавсран суух Элчин сайд нар томилогджээ. Товчоор бол энэ онд бид 21 шинэ Элчин сайдтай болсон байна.
Эцэст нь… Энэ оны Монголын улс төрийн онцлох үйл явдал бол УИХ-ын сонгууль байсан. Олон ч иргэд сонгуулийг шинэчлэл авчрах сэвэлзүүр салхи байгаасай гэж горьдсон доо. Сөрөг хүчний мөрөөсөл болж байсан УИХ-ын танхимд сөрөг хүчин нь орж ирсэн ч ЗГ-аа эвсэн байгуулж, ирэх жилүүдэд ч өнөө л цээжлэгдсэн хэд биднийг удирдана гэдгийг харуулсан. Дотоодын зууралдаж, зунгааралдсан улс төрөөсөө өндийгөөд харвал барууны орнууд Монголыг сонирхож байгаагаа айлчлалуудаараа ч харуулсаар байгаа юм сан.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.