Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа. Зах зээлийн үнэлгээ л гэхэд сүүлийн 10 жилд 8.7 дахин, сүүлийн 5 жилд л гэхэд 4.7 дахин тус тус өсөж ₮12.5 их наядад хүрээд байна. Тэгвэл энэ өсөлт иргэдийн хөрөнгө оруулалтын соёлд яаж нөлөөлж байна вэ?
Хөгжлийн өмнөх зан төлөв
Монгол Улсын хөрөнгө оруулалтын соёлын хөгжил нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос эхлэлтэй. Энэ үеэс хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүд иргэдэд нээлттэй болсон ч иргэдийн ихэнх нь ойлголт дутмаг буюу хувьцаа гэдэг ойлголт цэнхэр, ягаан тасалбараар дүрслэгдэн мөнхөрч, үнэт цаасанд хөрөнгө оруулаад өндөр өгөөж хүртэх боломжтой гэдгийг ойлгох хүн цөөхөн байв.
Хөгжилд нүд тайлав
Харин сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл хурдтай хөгжиж, мэргэжлийн тоглогчдын тоо ч нэмэгдэж байна. Нэмээд техник технологи, сошиал медиа, маркетингийн хүчээр олон нийтийн санхүүгийн боловсрол дээшилж, хөрөнгө оруулалтын сургалт, хөтөлбөрүүд болоод мэдээлэл авах боломжууд ч нэмэгдсэн. Монголын Хөрөнгийн Бирж (MSE) ч энэ тал дээр анхаарч, платформын шинэчлэлт хийхээс гадна анхан шатны хөрөнгө оруулалтын сургалтыг ч тогтмол зохион байгуулж буй. Үүн дээр ҮЦК-иуд ч идэвх санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдыг зах зээлийн болон бүтээгдэхүүний мэдээ мэдээллээр хангаж байгаа.
Эерэг хамааралтай өсөлт
Цаашлаад, зах зээлийн хэмжээ тэлж хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нэмэгдэх нь жижиг хувьцаа оруулагчдын идэвхийг нэмж байна. Тодруулбал, 2016 онд аливаа компанийн 5%-иас доошгүй хэсгийг эзэмшигчид буюу жижиг хөрөнгө оруулагчдын тоо 318 мянга байсан бол одоо 598 мянга болтлоо 2 дахин өсөөд байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амд эзлэх жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 8 жилийн дотор 6.1 нэгж хувиар нэмэгдэж 16.5% болсон хэрэг.
Мэргэжлийн соёлд сурав
Үргэлжлүүлээд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгийг л сонирхдог байсан Монголчуудын дунд хөрөнгийн зах зээлийн ойлголтууд танил, сонирхолтой болсны дараагаар зах зээлийн трэнд, арилжаа, хөрөнгө оруулалтын сагсандаа мэргэжлийн байдлаар ханддаг хөрөнгө оруулагчид ч нэмэгдсэн. Жишээ нь энэ оны III улирлын байдлаар 95 мянган дотоодын иргэн давтагдсан тоогоор 231 мянган удаагийн арилжаанд оролцсон байгаа юм. Энэ бол манай хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ судалдаг болж, арилжаандаа идэвхтэй оролцдог болж байгаагийн илрэл.
Том зургаар: Эдийн засгийн гүүр
Энэ бүхнээс харахад хөрөнгийн зах зээлийн болон хөрөнгийн биржийн хөгжлийн нөлөөгөөр нэг талдаа иргэд хөрөнгө оруулалтын соёлд нэвчич байгаагийн дээр нөгөө талаас олон салбарын компаниудад үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн бирж нь эдийн засгийг холбох гүүрний үүргийг гүйцэтгэж буй. Салбар салбарын компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь тэдний цар хүрээг тэлэх, цаашлаад ашиг орлогыг нэмэгдүүлж, татварын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа хэрэг. Нөгөө талаас иргэд өөрсдийн хуримтлалаа тухайн хөрөнгө оруулж байгаа компанийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа ч том зургаараа эдийн засаг тэлэхэд ч нөлөөлж буй.
Эцэст нь… Монгол Улсын иргэдийн хөрөнгө оруулалтын соёл сүүлийн жилүүдэд огцом сайжирч, санхүүгийн боловсрол, хөрөнгө оруулалтын хүртээмж зэрэг олон талт ахиц гарлаа. Хөрөнгийн бирж нь энэ өөрчлөлтийн гол хөшүүрэг болж, иргэдийн амьдралын чанар, санхүүгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлж байна. Цаашдаа, Монголын хөрөнгийн зах зээл илүү хурдацтай хөгжих боломжтой. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц ил тод, тогтвортой зах зээлийн орчин бүрдүүлж, иргэдийн хөрөнгө оруулалтын мэдлэгийг улам өргөжүүлж, хөгжлийг хурдасгах шаардлагатай байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.