
Сүүлийн үед тамхины татвар, хуулийг тойрсон асуудал газар авлаа. Ер нь юу болоод байна вэ?
💸 $1 тэрбум үрэгдэв
Монгол Улс 2020 оноос хойш сигар, янжуур тамхи, цахилгаан халаагчтай тамхи болон никотин агуулсан бусад бүтээгдэхүүн зэргийг импортлоход нийт $1 тэрбум буюу ₮3.6 их наядыг зарцуулсан байна.
🇮🇩 Хамгийн том нь Индонез
Энэ оны эхний 5 сарын датанаас янжуур тамхийг хаанаас оруулж ирж байгааг харвал Индонезийн импорт тэргүүлж байна. Нийт 1.9 тэрбум ширхэг янжуур импортолсны 49.8%-ийг тус улсаас, 31.8%-ийг Казахстанаас, 15.7%-ийг Өмнөд Солонгосоос, үлдсэн 2.7%-ийг Болгар, Хятад, Армен тэргүүтэй улсуудаас оруулж иржээ. Харин янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхийг 100% Хятадаас $352.1 мянгаар импортолсон аж.
🤔 Хууль яана гэнэ ээ?
Тамхины хяналтын тухай хуулийг дагалдуулан электрон тамхинд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийн маргаан эрчээ авав. Нэг талаас бүх төрлийн тамхийг ялгахгүйгээр мл эсвэл хайрцаг, ширхгээр нь ижил түвшинд өндөр татвар ногдуулах ёстой гэж үзэж бол нөгөө талаас уламжлалт утаат тамхи болон электрон тамхины хор уршгийн хэмжээг тогтоож, татвараа ялгаатай тогтоох ёстой гэж байгаа.
Эцэст нь… Монголчуудын хувьд бүх төрлийн тамхины хэрэглээ өссөн нь статистикаас харагдаж байна. Үүнийг хянаж, зохицуулахад татвараас гадна олон нийтийг үнэн, бодит мэдээллээр хангах, насны хязгаарлалт ба сургуулийн орчны хяналтыг чангатгах гээд олон талын арга хэмжээ хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.