Оюу толгой төслийн татварын маргааны түдгэлзүүлсэн хугацаа энэ сарын 31-нд дуусна. Тэгвэл Татварын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-д дахин татварын акт тавихаар болов. Яг ямар маргаан үүсээд ингэж сунжраад байна?
Асуудлын цөм
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгойн татварын орчныг тогтворжуулсан байдаг. Үүнд ААНОАТ, АМНАТ, НӨАТ, Гааль, Үл хөдлөх хөрөнгө гэх мэт татваруудын хувь хэмжээг тухайн үеийн хуульд заасан хэмжээнд тогтворжуулсан ч татварын орчныг бүхлээр нь тогтворжуулаагүй аж.
- Өөрөөр хэлбэл: Rio Tinto (RIO) 2009 оны хууль тогтоомж тэр чигээрээ өөрчлөгдөхгүйгээр Оюу толгой төсөлд мөрдөгдөнө гэж үзэж байхад ЗГ татварын хувь хэмжээнээс бусдыг тогтворжсон гэж үзэхгүй гээд байгаа болохоор байр суурь нь зөрчилдөөд байгаа юм.
- 2015: Тус онд Оюу толгойн татварын тогтворжуулалтын асуудлаарх ойлголтыг ЗГ хүлээн зөвшөөрч маргааныг шийдвэрлэсэн гэсэн байр суурьтай байсан. Гэвч 2018 онд Монголын татварын албанаас Оюу толгойн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж $155 саяын татварын акт тавьсан. Компани үүний $4.8 саяыг төлсөн ч үлдсэн дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
- 2020: Оюу толгой болон ЗГ 2013-2015 оныг хамрах татварын маргааныг 2018 оноос хойш 2 жилийн хугацаанд шийдвэрлэж чадаагүй тул 2020 оны 2-р сард “Оюу толгой” ХХК ЗГ-ыг арбитрын шүүхэд өгсөн юм.
Оюу толгой байр суурь
Оюу толгой болон Rio Tinto Зэсийн групп татварын маргааныг арбитрын журмаар биш яриа хэлэлцээрээр шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингэснээр ЗГ-тай тогтоосон харилцаагаа шинэ шатанд гаргана гэж үзэж байгаа аж.
- ЗГ байр суурь: Харин ЗГ татварын маргааны хүрээнд тавьсан акт үндэслэлтэй үзэж байгаа. Иймдээ ч тэд 2020 оны 12-р сард нийт ₮649.4 тэрбумын татварын акт үйлдэж, Оюу Толгой арбитрын шүүхэд хандахад сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо ч мөн дахин $70-$80 саяын акт тавих нь.
Цаашид яах вэ?
Хэрэв арбитрын шүх Оюу толгойн талд шийдвэр гаргавал татварын акт хүчингүй болно. Дээрээс нь тэдний дундын дансанд байршуулж байсан ₮1 их наядыг ЗГ Ковид-19-ийн үед 1 иргэнд ₮300 мянгаар тараасан гэх асуудал ч байгаа. Нэмээд ирэх жил сонгуультай. Юу болох юм бол доо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.