
Дэлхий даяар 15 насныхны унших, бодох чадвар сүүлийн 7 жилд огцом буурч, PISA 2025 оны үнэлгээгээр анх удаа 3 хичээлийн үзүүлэлт бүгд түүхэн доод түвшинд хүрлээ.
📉 Жил жилээр уруудах суурь боловсрол
PISA үнэлгээгээр 2000 оноос унших, 2003 оноос математик, 2006 оноос байгалийн ухааны чадварыг шалгаж эхэлсэн. Тус шалгалтыг эхэлсэн цагаас нь хойш оролцож буй 23 орны дунджаас харахад хамгийн анх буюу 2006 оны оролцогчдын математикийн оноо түүхэн өндөр буюу 502 оноотой үнэлэгдэж, түүнээс хойш ховорхон өссөн ч ихэнх жилүүдэд шалгуулагчдын чанар буурчээ. Улмаар өнгөрсөн жил ёроол гэж хэлэхүйц 469 оноонд хүрэв.
☠️ AI байхад толгой байхын хэрэг юун?
Цар тахлаас ч илүү дор зүйл нь AI-н үсрэнгүй хөгжил сурагчдын суралцах арга барилд хэрхэн нөлөөлснийг өнгөрсөн оны түүхэн доод үзүүлэлт хангалттай харуулна. Тухайлбал, 5 сурагч тутмын 1 нь AI-г өдөр тутамд ашиглаж байгаа төдийгүй AI ашигладаггүй сурагчид AI ашигладаг сурагчдаас дунджаар 20 орчим өндөр оноо авчээ. Энэ нь бүтэн 1 жилийн хичээлийн хоцрогдлын зөрүүтэй тэнцэх үзүүлэлт аж.
Эцэст нь… Уг шалгалтаас хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт буурч, уншиж буй зүйлээ ч ойлгохгүй хэмжээнд хүрсэн нь хамгийн цочирдом хэсэг байлаа. Мөн AI-г туслахаа болгон ашиглаж байгаа ч шууд драфт гаргуулах, сэдэв хураангуйлах зэрэгт ч түгээмэл ашиглаж байгаа гэнэ. Энэ янзаараа явбал ирээдүйд өөрөөрөө бодож, сэтгэх чадвартай хүүхдүүд ховордох вий.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.