
Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн ШХАБ-ын 24 дэх дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа бататгасан, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Эхнээс нь танилцаад явъя.
🤝 Шанхайн үзэл санааг бэхжүүлнэ
Энэ жилийн дээд хэмжээний уулзалт Казакстаны Астана хотод болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайдаас бусад бүхий л төрийн тэргүүн нар оролцов. Тухайлбал, дэлхийн дэгийн зүүн блокийн удирдагчид болох Ши Жиньпин, Владимир Путин, Александр Лукашенко, Режеп Тайип Эрдоган нар тус тус хүрэлцэн ирсэн юм.
🙅♂️ Ажиглагчийн байр сууриа бататгав
Харин Монголын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид ч Монгол ШХАБ-д ажиглагчийн байр суурьтай байх бөгөөд гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Ингэснээр Орос, Хятадаас жил бүр шахуу “ШХАБ дахь байр сууриа ахиулаа” гэх уриалга гэх үү, шахалт гэх үү санааг няцааж өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн хэрэг болсон юм.
Эцэст нь… Юутай ч ШХАБ-д Монгол байр сууриа ахиулах уу, гэдэг асуултад Ерөнхийлөгч тодорхой хариулалт өгч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой хэдий ч ажиглагчаас хэтрэхгүй хэмээн олон хүний санааг амраав. Харин нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол Монгол болон Евроазийн эдийн засгийн холбооны хооронд энэ ондоо багтаад чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах ажил. За тэгээд ЧХХ-ээ хийчихвэл дараагаар нь ЧХХ-ээ утгаар нь ашиглаж чадах уу, үгүй юу, гэх асуудал гарч ирэх байх даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.