
Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын компанийн санхүүжилт, хувьцааны шилжүүлэг ба татварын заагийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Компанид шинэ хөрөнгө оруулагч орж ирэхэд тухайн хөрөнгө оруулалт компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байна уу эсвэл өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаанаасаа борлуулж байна уу гэдэг нь анх харахад төдийлөн ялгаатай биш мэт санагдаж болно. Учир нь эцсийн дүндээ шинэ хөрөнгө оруулагч компанийн тохиролцсон тодорхой хувиа эзэмшдэг.
Энэхүү ялгаа нь татварын эрх зүйн хүрээнд илүү тодорхой харагдана. Учир нь компани шинээр хувьцаа гаргаж хөрөнгө татсан бол төлбөр компанид орж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэнэ. Харин өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг борлуулсан бол хувьцаа нь нэг эзэмшигчээс нөгөөд шилжиж, төлбөрийг хувьцаагаа борлуулсан этгээд хүлээн авна.
Тэгвэл компани шинээр хувьцаа гаргаж, хөрөнгө оруулагч төлбөрөө компанид төлсөн байхад үүнийг өмнөх хувьцаа эзэмшигч хувьцаагаа борлуулсан гэж дүгнэх боломж бий юу? Энэхүү энгийн хэр нь анхаарах шаардлагатай асуудлын талаар нэгэн шүүхийн шийдвэрт тулгуурлан хууль зүйн мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Шинэ хувьцаа гаргах ба хуучин хувьцаа борлуулах
Компанийн тухай хуулийн 31.2.2-т компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хувьцаа нэмж гаргах замаар өсгөж болохоор зохицуулсан.
Шинэ хувьцаа гаргах үед компанид шинээр хувьцаа бий болж, хөрөнгө оруулагч уг хувьцааг эзэмшихийн тулд төлбөрөө компанид төлнө. Харин өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг борлуулж байгаа бол шинэ хувьцаа бий болохгүй. Өмнө нь байсан хувьцаа нэг этгээдээс нөгөөд шилжинэ.
Х компанийн нэгэн тохиолдол
Х компани анх нэг хувьцаа эзэмшигчтэй, 100%-ийн эзэмшилтэй байжээ. Улмаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өөрчилж, дараа нь нэг бүр нь ₮266,769,000-ийн нэрлэсэн үнэ бүхий дөрвөн ширхэг хувьцааг шинээр гаргаж, хөрөнгө оруулагчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэвч татварын байгууллага уг гүйлгээг өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн 80%-ийн хувьцааг борлуулсан гэж үзэн өмнөх хувьцаа эзэмшигчид орлогын албан татвар ногдуулжээ. Улмаар хувьцаа эзэмшигч шүүхэд хандсан боловч шүүх ч эцэст нь татварын актыг хэвээр үлдээж шинээр гаргасан 4 хувьцааг хөрөнгө оруулагчид “борлуулсан” гэж дүгнэсэн байна. Эндээс л гол асуудал эхэлнэ.
100%-иас 20% болсон нь 80%-иа зарсан гэсэн үг үү?
Товчхондоо заавал тийм биш. Жишээ нь Х компани анх нэг хувьцаатай байгаад 4 шинэ хувьцаа гаргаснаар нийт 5 хувьцаатай болно. Өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн нэг хувьцааг хэвээр хадгалж, дөрвөн шинэ хувьцааг хөрөнгө оруулагч эзэмшвэл өмнөх хувьцаа эзэмшигч 20%, шинэ хөрөнгө оруулагч 80% эзэмшинэ.
Харин хэрэв өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж байсан хувьцааны 80%-ийг хөрөнгө оруулагчид шилжүүлсэн бол энэ нь хувьцааны борлуулалт мөн. Өөрөөр хэлбэл, энэ үр дүнд (1) өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг шилжүүлэх (2) компани шинэ хувьцаа гаргаснаар өмнөх хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувь буурах ялгаатай 2 арга замаар хүрч болно. Тиймээс эдгээрийг зөвхөн эцсийн эзэмшлийн хувиар ялгах боломжгүй.
Компанийн дансанд мөнгө орсон нь яагаад чухал вэ?
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1-д хөрөнгө оруулалтыг ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан хөрөнгө гэж тодорхойлсон. Мөн 5.1.2-т хувьцаа болон бусад үнэт цаас худалдан авахыг хөрөнгө оруулалтын хэлбэрт хамааруулсан.
Тиймээс энэ хэрэгт $556,000 өмнөх хувьцаа эзэмшигчид бус, Х компанийн дансанд орж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэн гэх үйл баримт чухал. Энэ нь уг гүйлгээг автоматаар татваргүй болгохгүй ч үүнийг өмнөх хувьцаа эзэмшигчийн хувьцааны борлуулалт гэж үзэж байгаа бол яагаад ингэж үзэж байгаагаа баримтаар нотлох зүй ёсны шаардлагыг үүсгэнэ.
Тэгвэл шүүхийн дүгнэлтэд?
Шүүх хэлцлийн нэршилд бус бодит агуулгад үндэслэн гүйлгээг үнэлсэн нь зарчмын хувьд буруу биш.
Гэхдээ ийм дүгнэлт хийхийн тулд бодит баримт хэрэгтэй. Тухайлбал, өмнөх хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан тодорхой хувьцаа хөрөнгө оруулагчид шилжсэн эсэх, төлбөрийг өмнөх хувьцаа эзэмшигч авсан эсэх, компанийн дансанд орсон мөнгө эцэстээ хэнд очсон, шинээр хувьцаа гаргасан шийдвэр, бүртгэл бодит байсан эсэх, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө бодитоор нэмэгдсэн эсэх, талуудын жинхэнэ хүсэл зориг хувьцаа шилжүүлэхэд чиглэж байсан эсэх зэргийг тодорхой шалгах нь зүй.
Мөн шүүх уг гүйлгээг өмнөх хувьцаа эзэмшигчийн хувьцааны борлуулалт гэж үзэхдээ хэлцлийг халхавчилсан гэж дүгнэсэн. Гэхдээ “халхавчилсан хэлцэл” гэж үзэж байгаа бол яг ямар хэлцлийг юугаар халхавчилсан, өмнөх хувьцаа эзэмшигчийн ямар хувьцаа хэнд шилжсэн, төлбөрийг хэн авсан зэргийг тодорхой тогтоох шаардлагатай.
Хэрэв $556,000 компанид орж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдсэн бол энэ нь шинэ хувьцаа гаргаж хөрөнгө татсан гэх тайлбарыг дэмжих баримт мөн. Харин уг мөнгө компанийн дансаар дамжин өмнөх хувьцаа эзэмшигчид очсон нь тогтоогдвол магадгүй хувьцааны борлуулалт байсан гэх үндэслэл илүү хүчтэй тавигдах боломжтой.
Эцэст нь… Энэ маргааны гол асуудал нь “80%-ийг хэн эзэмшсэн бэ?” гэдэгт биш. Харин “тэр 80% шинээр бий болсон уу, эсхүл өмнө нь байсан хувьцаанаас шилжсэн үү?” гэдэгт байна. Компани шинээр хувьцаа гаргаж, хөрөнгө оруулагч төлбөрөө компанид төлсөн бол энэ нь компанийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн нэг хэлбэр. Харин өмнөх хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлж, төлбөрийг өөрөө авсан бол хувьцааны борлуулалт болно.
Иймээс эзэмшлийн хувь өөрчлөгдсөн гэх ганц үр дүнгээр эдгээрийг адилтгах боломжгүй. Гүйлгээний бодит агуулгыг тогтоохын тулд мөнгө хаашаа орсон, аль хувьцаа шилжсэн, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө хэрхэн өөрчлөгдсөн, талуудын жинхэнэ хүсэл зориг юу байсан гэдгийг хамтад нь авч үзэх шаардлагатай. Шинэ хувьцаа гаргалт ба хуучин хувьцааны борлуулалтын заагийг зөв тогтоохгүй бол компанид орсон хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн олсон орлогыг хооронд нь андуурах ч эрсдэл бий.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.