Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьж байгаа билээ. Энэ удаад Lemon Press Opinions танд Эдийн засагч Д.Ган-Очирын “Гадаадын банк орж ирэхэд ямар суурь орчин чухал вэ?” нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Гадаадын банкийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, “урьж залах” асуудалд бодлого боловсруулагчид ихээхэн анхаарал хандуулж буй.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зөвхөн мөнгө, санхүүгээс гадна мэдлэг, ноу-хау-гийн шилжилт, шинэ техник, технологийн нэвтрүүлэлт, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар үр ашиг, бүтээмж дээшлэх зэрэг олон эерэг дам нөлөөг эдийн засаг, нийгэмд бий болгодог. Үүнийг ч бид үйлчилгээ, харилцаа холбоо, уул уурхайн салбар дээр бэлээхэн харж байгаа.
Үүнтэй адилаар гадаадын банк санхүүгийн салбарт нэвтрэх нь дотоодын банкуудын хангалттай хүрч очихгүй байгаа зах зээлийн орон зайг нөхөх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дэвшил гарах, зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх, өрсөлдөөний дүнд зээлийн хүү, нөхцөлд нааштай өөрчлөлт гарах, санхүүгийн гүнзгийрэлт бий болох боломжтой.
Гагцхүү гадаадын банк, санхүүгийн байгууллагыг дотоодын зах зээлд нэвтрэх таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь чухал. Монголчууд бидний санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг буюу бидэнд эерэг нөлөөтэй, мэдээж нөгөө талдаа бизнес эрхлэгчид өөрсдөө ашиг хүртэж чадах тийм л гадаадын банк, санхүүгийн байгууллагууд бидэнд хэрэгтэй.
Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх, бидний хэрэгцээг хангахауйц банкуудыг татах тал дээр бид маш том өрсөлдөөнд орно гэсэн үг. Гадны банкны хувьд дэлхий дээрх 195 оронд үйл ажиллагаагаа явуулах боломжтой, үүнээс OECD-ийн 39 орныг хасвал 156 орон, үүнээс 24 хурдацтай тэлж буй орнуудыг хасвал 132 оронтой бид өрсөлдөх ёстой болно. Нөгөө талд 107 орон дундаж орлоготой орнуудын ангилалд байгааг мартаж болохгүй. Үүний тулд бид гадны банк, санхүүгийн байгууллагуудын тавьж буй шаардлага, нөхцөлд нийцсэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг Монголдоо бүрдүүлэх ёстой болно.
Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн багтаамж хэт жижиг байгаа энгийн жишээг Starbucks кофе, McDonald’s түргэн хоолны сүлжээ Монголд одоо хүртэл орж ирээгүй байгаагаас харж болно. Эн тэргүүнд үүн дээр бодит үнэлэлт, дүгнэлт хийх нь зүйтэй болов уу. Эдгээр сүлжээтэй харьцуулахад банк, санхүүгийн эрсдэл удирдах, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх бизнес нь илүү нарийн үнэлгээ, шинжилгээ шаардах нь дамжиггүй.
Гадаадын банкууд ямар хүчин зүйлсийг түлхүү харгалздаг вэ?
Гадны банкууд дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэхэд ямар хүчин зүйлсийг харгалздаг вэ? гэсэн асуултын хариултыг хайсан маш олон судалгаа бий. Тэдгээрээс харахад хүчин зүйлсийг
Эхний бүлэг хүчин зүйлийн хувьд гадаадын банкны томоохон харилцагчид нь тухайн нэг зах зээлд үйл ажиллагааг явуулах (жишээ нь, Rio Tinto компани Оюу толгой төсөл дээр орж ирэх) тохиолдолд түүний санхүүгийн гүйлгээ, үйлчилгээг үзүүлэх зорилгоор дагаж орж ирэх.
2. Тухайн банкны өрсөлдөгч нь тухайн зах зээлд орж ирэх тохиолдолд сул тал хүлээхгүйн тулд дагаж орж ирэх, шинэ харилцагчтай болохын тулд орж ирдэг байна.
Энэ бүлгийн хүчин зүйлсийн хувьд тухайн дотоод зах зээл, эдийн засгийн багтаамж, онцлогийг харгалзан орж ирдэг байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, өндөр ашгийн боломж (зээл, хадгаламжийн хүү, дотоод, гадаад хүүний зөрүүнүүд), татварын орчин, урьж буй орны банкны зах зээлийн хэмжээ, тухайн орны хүн амын банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ, эдийн засгийн тогтвортой байдал, улс төрийн тогтвортой байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдал, тухайн зах зээлд нэвтрэхэд тавигдах хууль, эрх зүйн орчин, банкнаас бусад үйл ажиллагуунууд эрхлэхийг зөвшөөрсөн дүрэм журам зэрэг багтдаг.
Гуравдах хүчин зүйлийн хувьд толгой банкны хэмжээ, олон улсын туршлага, банкны нэр хүндийг өсгөх зэргээс хамаарч бусад зах зээлд нэвтрэх эсэхээ шийдвэрлэдэг байна. Дөрөвдэх хүчин зүйлийн хувьд газар зүйн байршлын хувьд ойр эсэх, адил хэлээр ярьдаг эсэх буюу зардлын хүчин зүйлийг харгалзаж бусад зах зээлд нэвтрэх эсэхээ шийдвэрлэдэг.
Энд жишээ болгон, Саудын Арабад 2019 оны эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан бүх гадаадын банкуудаас 2019 оны 12-р сараас 2020 оны 2-р сарын хооронд авсан санал асуулгын үр дүнг танилцуулж байна. Ингэхдээ дээрх хүчин зүйлсийн аль нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгааг тодруулахыг зорьсон.
Түүвэр судалгааны үр дүнгээр корпораци харилцагчаа дагаж орж ирсэн, банкны зах зээлийн хэмжээ, эдийн засгийн тогтвортой байдал, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, шинэ харилцагчтай болох, тухайн банкны нэр хүндийг өсгөх, газар зүйн байршлын хувьд ойр, зах зээлд нэвтрэх хууль, эрх зүйн зохицуулалт, тухайн орны валютын ханш тогтвортой гэсэн эрэмбэ гарч ирсэн байна. Эдгээр нь хүчин чухал хүчин зүйлс байх тестийн үр дүн гарчээ.
Харин дунд зэргийн чухал хүчин зүйлсэд тухайн банкны туршлага, урьж буй талын хүүний түвшин, тухайн банкны хэмжээ хүчин зүйлс оржээ. Харин ач холбогдол багатай хүчин зүйлсэд корпорацийн бус харилцагчаа дагах, татварын түвшин, банкнаас бус үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх эсэх зохицуулалт, өрсөлдөгчөө дагах, эрх зүйн систем ижил эсэх, хэл ижил эсэх орсон байна.
Бид юуг анхаарах ёстой вэ?
Эдгээрээс нэгтгэн харахад, манай орны хувьд корпорайт харилцагчаа дагах, байршлын хувьд ойр байх гэсэн шалгуурыг авч үзвэл Оюутолгой болон бусад уул уурхайн төслийг дагасан хэлбэрээр, 2 хөрш рүү экспортлогч эсвэл импортлогч компаниудын харилцагч болохоор 2 хөршийн банк дотоод зах зээлд орж ирж, бие даасан нэгжээр үйл ажиллагаа явуулах магадлал нь өндөр байна.
Харин, банкны зах зээлийн хэмжээ бага, эс төрөлжилттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй, төлбөрийн тэнцэл, валютын ханшийн гадаад шоконд өртөх эмзэг эмзэг байдал өндөр, нэг хүнд ногдох ДНБ харьцангуй бага, түүхэн өгөгдлийн хувьд эдийн засгийн болон улс төрийн тогтворгүй байдал өндөр зэрэг нь гадаадын банкны дотоод зах зээлд нэвтрэх сонирхлыг бууруулах чиглэлд нөлөөлөхөөр байна. Иймд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах бодлого, чиг үүргийн хүрээнд эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь гадаадын банк нэвтрэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.
Өнөөдөр улс төрийн хүрээнд илүү яригдаад буй гадаадын банкны дотоод зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин, түүний суртчилгааг сайн хийх, дотоодын хүүний түвшин, зөрүү өндөр байх зэрэг нь дангаараа хангалтгүй. Гэхдээ дотоодын банк, санхүүгийн зах зээлийн онцлог, боломж, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх, сурталчлан таниулах нь эерэг өөрчлөлт бий болгоно.
Иймд хөрөнгө оруулалтыг татах институци нь манлайлаад, бусад бүх түвшинд, шат шатандаа гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийг дотоод зах зээл рүү татахын тулд тууштай, нийцтэй ажиллавал үр дүнд хүрэх нь дамжиггүй биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.