
Ирэх 9-р сард Говь (GOV) болон Тахь-ко (TAH) компаниудын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов гарч зарим хөрөнгө оруулагчдын хувьд тэнгэр нураад ирэх шиг л юм болоод өнгөрлөө. Учир нь тэд компанийн бүтцээ өөрчлөхөөр хуралдах гэж байна.
⁉️ Хэргийн учир
Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг $GOV өнгөрсөн ХЭХ дээрээ хаалттай компани болохгүй хэмээн ам гарч байв. Харин одоо энэ амлалтаа зөрчих үү эсвэл хадгалж үлдэх үү гэдэг нь ХЭХ-аар шийдэгдэнэ. Гэвч компанийн дийлэнх буюу 87.4%-ийг Таван Богд Холдингс ХХК эзэмшиж байгаагаас харахад тэдний бүтцэд өөрчлөлт орох магадлал тун өндөр. Харин үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг $TAH-н тухайд арилжааны идэвх муутай ба компанийн 85.6%-ийг 3 хүн эзэмшиж буйгаас харахад мөн л МХБ (MSE)-ийг орхиж явахад ойрхон байгааг харуулж байна.
📊 Дата ухав
Сүүлийн 5 жилийн хугацаанд МХБ-ийг 39 ХК орхин одсон бөгөөд үүнээс 6 ХК нь өөрийн хүсэлтээр гарсан бол үлдсэн 33 ХК-ийн хувьд нээлттэй компанид тавигдах шаардлага хангаагүй учраас хасагдсан аж. Өөрийн хүсэлтээр гарсан ХК-иудад Хөвсгөл усан зам, Мон Бийф, Жуулчин Дюти Фрий, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Богд Банк, Тээвэр ачлал компаниуд багтаж байна. Хэрэв $GOV болон $TAH нар бүтцээ өөрчлөх тохиолдолд энэ онд МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдсан ХК-ийн тоо 11-д хүрнэ.
Эцэст нь… Компаниуд анхнаасаа IPO хийхдээ буцаад хаалттай компани болно гэж төлөвлөөгүй нь лавтай. Зарим компаниудад олон нийтэд нээлттэй болох нь нэмэр болохоос илүү нэрмээс болж байна гэж хэлж болохоор. Тэгэхээр энэ талбарт компаниуд нээлттэй байх хөшүүрэг, нөгөө талаас хөрөнгө оруулагчид тэр компанийн хувьцааг худалдаж авах, зарах идэвхжүүлэлт хэрэгтэй байна даа. 🫡
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.