
Улс төрийн хэрүүл маргаан, зодоон нүдээн дунд мартагдах шахсан 2026 оны төсөв арай гэж хугацаандаа батлагдлаа. Ирэх оны төсвийг хэрхэн батлав? Харъя.
⚖️ Орлого, зарлага
2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд, харин нийт зарлагыг ₮32.9 их наяд байхаар баталсан. Өөрөөр бол ₮1 их наядын алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү сүүлийн 10 жилд алдагдал нь ₮1 их наядын босгыг даваагүй төсвийн жил 3 боллоо. Цаашлаад, төсвийн нийт зардлын 75% буюу ₮24.9 их наяд нь урсгал зардал, 25% буюу ₮8.6 их наяд нь хөрөнгийн зардал байхаар тооцоолжээ.
🆕 Төсвийн хөрөнгө оруулалт
Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 579 төслийг ₮3.3 их наядаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ дундаас, хэрэгжүүлэх төслийн тоогоор хамгийн өндөр нь боловсролын салбар бөгөөд нийт 198 төслийг ₮448 тэрбумаар санхүүжүүлэхээр төлөвлөв. Харин хөрөнгө оруулалтын дүнгээр хамгийн өндөр нь зам тээврийн салбар буюу нийт 69 төсөлд ₮902.8 тэрбумыг төсөвлөжээ.
Харин гаднын зээл, тусламжаар 98 төслийг ₮1.9 их наядаар санхүүжүүлнэ. Үүнээс Азийн хөгжлийн банк хамгийн олон буюу 47 төслийг ₮556.8 тэрбумаар санхүүжүүлэх бол удаад нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк 12 төслийг ₮254.3 тэрбумаар санхүүжүүлэх нь ээ.
Эцэст нь… Эрх баригчид ирэх оноос эхлэн төсвийн урсгал зардлыг ДНБ-ий 24%, 2027 онд 23%, 2028 онд 22%, мөн ЗГ-ын өрийг 2026 онд ДНБ-ий 50%, 2027 онд 45%, 2028 онд 45% байхаар жил дараалан бууруулахаа амласан. Ирэх оноос эхлэн эрх баригчид төсвийг тасралтгүй багасгах амлалтаа хэр биелүүлэхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.