Монголын манлайлагч залуус улс эх орноо олон улсын тавцанд гаргах гэж байна. Дэлхийн залуусын томоохон байгууллагын нэг болох JCI-н Ази, Номхон далайн бүсийн чуулган ирэх 6 сарын 12-15-нд Улаанбаатарт болно. Тус чуулган нь Монголын нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүндэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой билээ.
Чуулганд олон улсын 5,000 гаруй манлайлагч оролцож аялал жуулчлал, цаашлаад тээвэр, худалдаа, үйлдвэрлэл гэхчлэн олон салбарт богино хугацаанд үр өгөөжөө өгөх аж. Харин урт хугацааны, ул суурьтай үр дүнг тооцвол энэ чуулган дараах хэд хэдэн боломжийг Монголд авчрах юм:
JCI байгууллагын бүсийн чуулган Монголд болсноор $-н ханшийн өсөлтийг зогсоож, ₮-ийн үнэ цэнийг хамгаалахад томоохон түлхэц үзүүлэх нь. Дэлхийн 70 гаруй орны салбар бүрийн шилдгүүд, сор болсон залуус Монголд чуулснаар Монголыг бүс нутгийн төдийгүй олон улсын анхаарлын төвд оруулах боломж нээгдэнэ гэж үзэж буй.
Хөрөнгө оруулалтын хямрал яг одоо Монголд нүүрлээд байна. Оргил үе буюу 2011 онд бараг $5 тэрбумд хүрч байсан гаднын шууд хөрөнгө оруулалт өдгөө $2-$3 тэрбум болтлоо буураад буй. Үүний зэрэгцээ Монголд “үүр”-ээ засаад байсан олон улсын компаниуд ч нэг нэгээрээ салбараа хааж, Монголыг чимээгүйхэн орхисоор байгаа. Хэдийгээр төр засгаас хөрөнгө оруулагчдыг эргүүлэн авчрахын тулд “Монголд ирээч” хэмээн урьж залж, бүр гуйж гувшиж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй л байна.
Монголыг чиглэх хөрөнгө оруулалт татарч, валютын урсгал багасахын хэрээр дотоодод $ ховордож, “ноён” $ Монголын эдийн засагт эзэн суух нь холгүй боллоо. Өдгөө ₮3,500 хүртлээ чангараад буй $-н ханш бол Монголд гаднын хөрөнгө оруулалт ус, агаар мэт хэрэгтэй байгаагийн илрэл. Тэгвэл энэ ээдрээт үед ийм том хэмжээний олон улсын чуулган Монголд болж буй нь манай улсыг олон улсад таниулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, Монголыг эргүүлэн моодонд оруулахад томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, Монголыг бүс нутгийн бизнесийн анхаарлын төвд оруулах, олон улсын тавцан дахь нэр хүндийг өсгөх өрнүүн боломжийг олгох аж.
Энэ чуулганыг зохион байгуулснаар Монголын эдийн засагт багадаа $16-$18 саяын урсгал орж ирэх тооцоо гарчээ. Мөн 18 мянга гаруй ажлын байр шууд идэвхжих урьдчилсан тооцоотой байгаа аж. Ийнхүү JCI байгууллагын бүсийн чуулган Монголд валютын урсгалыг татаж, ₮-ийн үнэ цэнийг хамгаалахад түлхэц үзүүлэх нь.
Уг чуулганд Япон, Өмнөд Солонгос, Сингапур тэргүүтэй хөгжингүй орнуудаас бизнесийн манлайлагчид, шинийг санаачлагчид, бүтээгчид ирж оролцон бизнесийн яриа хэлэлцээнүүд ч өрнүүлэх юм. Мөн энэ үеэр стартап-ууд “World Business Angel Investment Forum”-тай хамтарсан уралдаанд өрсөлдөн бизнесийн санаагаа танилцуулж, ТОП бизнес эрхлэгчдээр шүүлгэж, хөрөнгө оруулалт босгох боломжтой. Цаашлаад олон улсын сургалтуудад суухаас гадна орон орны салбар байгууллагууд хамтран нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх нь.
Чуулганыг Монгол Улс амжилттай зохион байгуулж чадвал ажил хэрэгч, итгэл даахуйц, нээлттэй, аюулгүй, энхийг эрхэмлэгч орон гэдэг эерэг дүр төрх бүрдүүлэх юм.
Эцэст нь Монголын нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, олон улс дахь нэр хүндэд чухал ач холбогдолтой энэ чуулганыг амжилттай зохион байгуулах нь зөвхөн JCI Монгол байгууллагын 1,500 гишүүний ажил биш. Харин эх орондоо, төрөлх хотдоо ийм том хэмжээний арга хэмжээг хүлээн авч буй Монголчуудын оролцоо ч чухал юм. Наанадаж ирсэн зочдодоо найрсаг харилцах, чанартай үйлчлэх, эерэг хандахаас энэ бүхэн эхлэх нь ээ.
Эх сурвалж: JCI Монгол байгууллага
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.