
Энэ удаагийн Lemon Press ярилцлагын буланд Nomadic Off-Roadмото аяллын компанийн үүсгэн байгуулагч, Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын мотоциклийн холбоо (FIM)-ны кросс-кантри комиссын гишүүн, шүүгч Ч.Ганзоригийг урьж, сэдэвчилсэн аялал жуулчлалын хөгжил, боломжийн талаар ярилцлаа. Хүлээн авна уу.
Та бол Dakar Rally-д мото төрөлд финиш хийсэн 5 дахь монгол тамирчин. Карьерын замнал тань ч нэлээн сонирхолтой тул өөрийн уралдааны карьераа хэрхэн эхлүүлснээс яриагаа эхлүүлье.
Карьерынхаа эхэн үед Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийг ахтайгаа хамтран байгуулж, 2022 оныг хүртэл Ард Санхүүгийн Нэгдлийн бизнесүүдэд өдөр тутам оролцоотой ажилладаг байлаа. Банк санхүүгийн угшилтай хүн. 2015 онд герман найзтайгаа хамтраад нэг бизнес хийх гээд бүтэлгүйтсэн л дээ. Түүний дараа найзынхаа сэтгэлийг сэргээх гээд Хустайн нуруу руу мототой явсан юм. Тухайн үед найз маань “Дэлхийн хаанаас ч Монголын тал хээрээр мотоциклтэй давхих энэ мэдрэмжийг авахгүй юм байна” гэж хэлж байсныг одоо ч тод санаж байна. Үүнээс л Nomadic Off-Road хэмээх мото аялал жуулчлалын компаниа байгуулж байсан юм.
Миний хувьд 2012 оноос хойш мотоцикл унаж, энэ спортод дурлаж амьдралын хэв маягаа болгосон. 2015 онд Nomadic Off-Road ХХК-иа байгуулж, 2018 онд Husqvarna Motorcycles брэндийг оруулж ирсэн. Мотоциклын аялал хийхээс гадна Монголд мотоспортыг хөгжүүлэх, сурталчлах ажлыг идэвхтэй хийж ирсэн. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдыг ивээн тэтгэх, мото спортын нийгэмлэгийг өргөжүүлэх чиглэлд нэлээдгүй ажиллалаа.
Намайг анх мотоциклын салбарт орж байхад энэ спортын коммюнити нэлээн жижиг байсан бол одоо өргөжиж, маш олуулаа болсон. Үүнд манай хамт олон нэлээдгүй хувь нэмэр оруулсан гэж хардаг. Миний хувьд 2019 оноос эхлэн ралли уралдаануудад уралдаж, дэлхийн аваргын уралдаанууд болох Silk Way Rally 2021, Abu Dhabi Desert Challenge 2023, Rallye Du Maroc 2023, Dakar Rally 2024 тус тус уралдаж финиш хийсэн. Хэдий хувийн амжилт мэт харагдах ч олон залуучуудад урам зориг өгч, шинэ үүд хаалга нээж өгч чадсан гэдэгт итгэдэг.
Нэгэнт МАМСХ-ны талаар дурдсаных холбооны үйл ажиллагаа болон сүүлийн үеийн сонин сайхныг хуваалцана уу?
Өнгөрсөн жилээс эхлэн би МАМСХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. Манай холбоо 1955 оноос үүсэлтэй буюу 71 жилийн түүхтэй холбоо гэж хэлж болно. Байгуулагдсанаасаа 10 жилийн дараа 1965 оноос эхлэн Олон улсын мотоциклын холбоо (FIM)-н гишүүнээр ажиллаж эхэлсэн байдаг. Хөлбөмбөгөөр жишээ авбал, FIFA-д элссэнтэй адил ач холбогдолтой гэсэн үг.
Холбооны үндсэн үүрэг бол Монгол Улсад хөгжиж буй автомашин, мотоциклийн бүх төрлийн спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, зохицуулах явдал. Нэг ёсондоо авто, мото спортын салбар дахь олимпын хорооны чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага гэж хэлж болно. Өнгөрсөн жил бид холбооныхоо дүрэм, журмыг шинэчилж, бүх гишүүдийн хурлаа зохион байгуулахын сацуу нэлээдгүй их ажлыг хийж хэрэгжүүллээ. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааны чиглэлд томоохон ахиц гарсан. Миний хувьд FIM-н албан ёсны шүүгчийн лицензтэй болсон.
FIM нь MotoGP, MXGP зэрэг дэлхийн хэмжээний олон төрлийн тэмцээн, цувралуудыг зохион байгуулж, зохицуулдаг байгууллага. Түүнчлэн Dakar Rally шиг томоохон уралдаанууд ч энэ экосистемийн нэг хэсэг.
Энэ ч утгаараа бид тамирчдаа олон улсын тавцанд гаргахын сацуу, олон улсын шинж чанартай мото болон авто уралдааныг эх орондоо зохион байгуулах суурийг нэлээдгүй базаасан жил боллоо.
Тэгэхээр дэлхийн хэмжээний авто болон мото уралдааныг Монголд зохион байгуулж, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юу? Хэрэв тийм бол бид хэрхэн бусад уралдаан зохиож буй улс орнуудаас ялгарч чадах вэ?
Би 4 тивд уралдаж байсан туршлагатай. Үүнээс дүгнээд хэлэхэд, Монголд дэлхийн хэмжээний уралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой. Зарим талаараа төгс тохирох ч улс. Энэ бол миний сүүлийн 10 гаруй жил зорьж буй ажил. Бидний давуу тал гэвэл,
Монгол шиг асар том газар нутагтай хэр нь ямар ч хашаа хороогүй, хил хязгааргүй үргэлжлэх хээр тал, говь цөлтэй улс орон маш цөөн.
Яах вэ, ийм төрлийн уралдаан зохион байгуулах асуудал дээр газар нутаг, бэлчээр сүйтгэнэ гэж ярих нь бий. Энэ бол ердөөсөө ч асуудал биш буюу Монгол Улсын урд хэсгээр Ховдоос эхлээд Говь-Алтай, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар гэхчлэн урд хэсгээр, хүн амын нягтаршил маш бага, говь, цөлөрхөг хэсгээ ашиглах боломжтой.
Dakar Rally Саудын Арабт очсон шалтгаан нь ч тэд энэ уралдаанаар дамжуулан аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд маш амбицтай хөдөлж чадсан. Угтаа ус ч үгүй, усаа цэвэршүүлж хэрэглэдэг газар. Бараг л юу ч үгүй газрыг жил бүр 69 орны 800 гаруй тамирчин зорьж очдог. Харин нөгөө талд Монголд бүх өгөгдөл, боломж нь бэлэн байна.
Цаашлаад, одоо бол бид Европоос олон шилдэг баг, алдартай тамирчид, одуудыг урьж авчрах боломж, сүлжээ хэзээ хэзээнийхээс илүү их болчихлоо. Нэг жишээ нь The Walking Dead-н од Норман Рийдус ирсэн шүү дээ.
Nomadic Off-Road цоо шинэ брэндинг бүхий уралдаан зохион байгуулах гэж байгаа талаар сонссон. Энэ талаар хуваалцвал?
Нууц задлахад, бид удахгүй өөрсдийн брэнд уралдааныг зохион байгуулахаар гаднын мэргэжилтнүүдтэй ажиллаад эхэлчихсэн явж байна.
Уралдаан маань яг л FIM болон FIA-н стандартаар, олон улсын түвшинд зохион байгуулагдана.
Цаашлаад, уралдаанаа FIM-н жилийн календарьд оруулж, FIM-н зохицуулалт доор зохион байгуулагдах олон улсын уралдаан болгохоор зорьж буй. Одоо бол “Roadbook” буюу замын зураглалаа хийгээд эхэлчихсэн байгаа. Удахгүй 8-р сард мэргэжилтнүүд маань Монголд ирж зургаа эцэслэн батлаад, 9-р сард эхний уралдаанаа хийх гэж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, Монгол бол зүгээр нэг Парист Эйфелийн цамхаг дээр зургаа авхуулаад л автобусаар аялаад явдаг газар биш. Харин адал явдалт, сэдэвчилсэн аялал жуулчлал буюу “Adventure and Special Interest Tourism” хөгжих ёстой газар.
Энэ нь ч үнэтэй байх ёстой. Бусад хүмүүсийн хийж байгаа ажлыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Гэхдээ бидэнд $1,000 ба түүнээс доош дүн оруулдаг орос, хятад, солонгосууд хэрэггүй байхгүй юу даа. Бидэнд дор хаяж 7 хоноод буцахдаа $5,000-ыг эдийн засагт шингээх боломжтой “exclusive experience” авахыг хүсээд ирдэг хүмүүс л хэрэгтэй.
Бид нарт сая 2 сая жуулчин хэрэггүй. Яг үнэндээ 1 саяд ч хүрч чадахгүй, чардайж байна. Оронд нь 1 жуулчин $5,000 зарцууллаа гэж тооцоход л 500 мянган жуулчнаас $2.5 тэрбумын орлого олох боломжтой. Манай Nomadic Off-Road компаниар дамжин ирдэг жуулчид бүгд багадаа $5,000-ыг үлдээгээд буцдаг. Онгоцны тийзийн зардлыг оруулахгүйгээр шүү.
Бидэнд одоо тулгамдаж буй асуудлын эн тэргүүнд Монголд ирсэн жуулчдын хэд нь буцаж ирдэг вэ, гэх асуудал. Спортын аялал жуулчлалаар жуулчдын эргэц, давтан ирэлтийг нэмэгдүүлэх боломж хэр байгаа вэ?
Миний хувьд аялал жуулчлалын салбарт хэдийнээ 10 гаруй жил ажиллачихсан байна. Ажиглаад байхад, дийлэнх фургонд суугаад Монголоор аялдаг жуулчидтай харьцуулахад мотоциклын аялалд ирэгчдийн 50% нь дахиж ирдэг. Тэр 50%-ийн 30% нь 3–4 удаа ирдэг.
Мөн мотоциклийн аялал өөрөө хүнийг маш хүчтэй татдаг онцлогтой. Зөвхөн аялал гэж харахаас ч илүүтэй эрх чөлөө, адреналин, зэрлэг байгальд салхи татуулаад явах тэр мэдрэмжийн төлөө дахин, дахин ирдэг. Мэдээж биеийн хувьд маш их ядарна, цаг агаарын хүнд нөхцөлийг тэсвэрлэх шаардлага гарна. Гэсэн ч эцсийн дүндээ маш өндөр сэтгэл ханамж, аз жаргалын мэдрэмж үлдээдэг, 1 талаараа бясалгал болдог болохоор дахиад уралдах хүсэл маргааш нь төрөх жишээний.
Аялал жуулчлалын салбарт 10 гаруй жил ажилласан хүний хувьд энэ салбарын боломж болон хөгжилд тулгамдаж буй сорилтуудыг юу гэж хардаг вэ?
Монголын хамгийн том онцлог бол бид жинхэнэ нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн цор ганц гэж хэлж болохуйц улс. 2-рт, зэрлэг байгаль, тал хээр, говь, гол ус гээд бүгд нэг дор байдаг.
Бизнес талаас нь харах юм бол бидэнд агуулга хэрэгтэй. Яг юу зарах гээд байгаа юм бэ? Ямар мэдрэмж өгөх гээд байгаа юм бэ, гэдгээ бодолцох ёстой. Мэдээж бидэнд өргөн уудам тал, үзэсгэлэнтэй газар орон бий. Байгалийн тогтоц, үзэсгэлэн гэх юм бол өөр бусад өчнөөн улсад ч үзэж харах юм байгаа шүү дээ.
Тиймээс агуулгатай, утга учиртай байх ёстой, болгох ёстой. Казахстан гэхэд Алтан Ордны түүх, Түрэг-Монголын өвөө сурталчилж, Өвөр Монголд Чингис хааны томоохон бунхан, цогцолбор бариад түүгээрээ жуулчид татаж байна. Гэхдээ энэ түүхийн жинхэнэ эзэд чинь бид шүү дээ. Наргиад хэлэхэд, ориг нүүдэлчид нь бид. Тиймээс өөрсдийн ориг буюу “authentic” байдлаа алдалгүй сурталчлах нь гол асуудал.
Одоо миний ажиллаж байгаа 1 төсөл нь цаатны төсөл. Цаатан руу бид нар аялал хийгээд эхэлчихсэн. Дархадын хотгор, цаатан иргэдийн нутаг бол байгаль, уур амьсгалын хувьд хамгийн хүнд нөхцөлтэй бүсүүдийн нэг. Өвөлдөө -30, -40 градус хүрдэг дэд бүтэц маш хязгаарлагдмал, аюулгүй байдал болон үйлчилгээний стандарт бүрэн бүрдээгүй орчин. Цаатан айлуудын тоо ч цөөрч байгаа. Ойролцоогоор 100 гаруй өрхийн хэмжээнд л үлдсэн гэж хэлж болно. Гэсэн ч энэ бүс нутгийн амьдралын хэв маяг, цаа буга маллагаа, нүүдлийн соёл нь дэлхийд маш ховор, бараг давтагдашгүй өв.
Тиймээс энд хамгийн том асуудал нь зүгээр нэг аялал биш, харин тодорхой агуулга, концепц дээр суурилсан аяллын туршлага бий болгох хэрэгцээ. Жишээлбэл, Норвег руу ердөө туйлын туяаны харах гэж жилд ойролцоогоор 1-2 сая жуулчин очдог. Тэгэхээр бид жуулчдад Монголд ирээд үзэж харах, турших гол мессеж, туршлагаа тойруулаад аялал жуулчлалын экосистемээ хөгжүүлэх хэрэгтэй.
Хэрэв ийм төрлийн сэдэвчилсэн аялал жуулчлалыг зөв хөгжүүлж чадвал аялал жуулчлалын хамгийн сул улирал болох өвлийн аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой. Гол нь тоонд биш чанарт тулгуурлаж, үнэ цэн, мэдрэмж, туршлагыг хайж ирдэг чанартай жуулчдыг татахад анхаарах хэрэгтэй.
Одоогоор Монголд хэр олон уралдаан зохиогдож байгаа вэ?
Ер нь бол тоогоо алдчихсан. Олон төрөл, олон цуврал уралдаанууд зэрэг хөгжиж байна. Дрифт, супербайк, ралли гэхчлэн бүгд тус тусдаа томоохон спорт болон хөгжиж, зарим нь бараг амралтын өдөр бүр, 7 хоног тутам зохион байгуулагдаж байгаа.
Энэ дээр Монголын Мотокросс Лиг буюу Mongol Grand Prix MX League-г онцлоход, уг лиг мотокроссын мэргэжлийн лигийн шинэ загварыг бий болгож буй төсөл. Лигийн онцлог нь зөвхөн спортын уралдаан зохион байгуулахаас гадна үүнийг бүрэн хэмжээний энтертайнмент бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй. Тухайлбал, Эхний гараа нь энэ сарын эхээр Төв аймагт 20 га талбайд мотокроссын тусгай трасс байгуулж, тайз, LED дэлгэц, кейтеринг, асар зэрэг бүрэн дэд бүтэцтэй фестиваль байдлаар боллоо.
Одоогоор 5 баг оролцож, томоохон брэндүүд нэгдсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Сүүлийн уралдаанд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд оролцож, Япон, Филиппин, Солонгосын тамирчид мөн ирж өрсөлдсөн. Лигийн гол үзэл баримтлал бол спортыг зөвхөн тэтгэлэг, дэмжлэгээр авч явах бус, харин бизнесийн тогтвортой загварт оруулах явдал.
Цаг гарган сонирхолтой ярилцлага хийсэнд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.