
Он гарснаас хойш Petro Matad (MATD.L) Монгол дахь XX талбайгаас олборлосон газрын тосоо худалдан борлуулж чадахгүй байсаар өдгөө 48,000 баррель газрын тос наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад байсан билээ. Ашгүй энэ сараас эхлэн газрын тосоо борлуулах боломжтой болсон байна.
🤔 Юу болов?
Товчхондоо, Petro Matad ХХ талбайгаас олборлосон газрын тосоо хил давуулж экспортлох дэд бүтэцгүй буюу ХХ талбайтай хамгийн ойр PetroChina Daqing Tamsag-н XIX талбайн байгууламжид хадгалж, Хятад руу гаргадаг байсан. Тус 2 компани 2025 онд газрын тос борлуулах гэрээ байгуулснаар Petro Matad Монголоос олборлосон газрын тосоо борлуулах боломжтой болсон түүхтэй.
Өөрөөр бол уг газрын тос борлуулах гэрээ Petro Matad-н хувьд зүгээр ч нэг борлуулалтын гэрээ бус олборлосон газрын тосоо зах зээлд гаргаж, орлого олох боломжийг бүрдүүлдэг чухал гэрээ гэсэн үг.
👉 Цаашид юу болох вэ?
Юутай ч одоо Petro Matad оны эхнээс хуримтлагдсан 48,000 орчим баррель газрын тосны экспортоо эхлүүлж, ирэх 9-р сард гэхэд төлбөр нь хийгдэх төлөвтэй байна. Төлбөр хийгдсэний дараа тэд хойшлуулаад байсан Heron-2 болон Gobi Bear-1 талбайн хайгуул, цооногийн өрөмдлөгийн ажлуудаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.
Эцэст нь… Petro Matad-н Heron-2 болон Gobi Bear-1 талбайд хийгдэж буй хайгуул, засварын ажлууд компанийн олборлолтыг овоо нэмэгдүүлэх чухал төслүүд. Юутай ч мөнгөн урсгал нь сайжирвал эдгээр төслүүдийнхээ ажилд шууд эргэн орох төлөвтэй байна. Цаашлаад, дан ганц газрын тосноос давж, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимтэй орж байгаа нь сонирхолтой л мэдээ байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.