Стратегийн зөвлөх үйлчилгээний Capital Markets Mongolia /CMM/ компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Mongolia Investment Forum” буюу “Монголын хөрөнгө оруулалтын форум” нь Сингапурт нэг удаа, Нью Йоркт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж 6 өөр улсын 120 гаруй зочид төлөөлөгч, өндөр түвшний хөрөнгө оруулагчид нэг дор чууллаа. Энэхүү форум нь Монгол Улсыг гаднын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай холбох маш өндөр ач холбогдол бүхий чухал арга хэмжээ бөгөөд 4 сарын 28-нд болсон форумд дараах чухал үйл явдлууд болж өнгөрлөө.
Энэ удаагийн форумаар Монголын эрчим хүч, банк, санхүүгийн салбар, тогтвортой хөгжлийн санхүүжилт гэх мэт чухал сэдвүүдийг онцолсон бөгөөд "Mongolia Investment Forum New York 2025" үйл ажиллагааг нээж Нью Йоркийн захирагчийн албаны олон улсын харилцаа хариуцсан төлөөлөгч Эдвард Мермелштейн, МУ-ын Шадар Сайд Т.Доржханд, форумын зохион байгуулагч CMM компанийн глобал түнш StoneX группийн ерөнхийлөгч Чарльз Лион тус тус үг хэлж энэ удаагийн "Mongolia Investment Forum New York 2025" нь Монгол, Америкийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй үйл ажиллагаа хэмээн онцолсон юм.
"Mongolia Investment Forum New York 2025" нь үндсэн 6 илтгэл, 2 хэлэлцүүлэгтэйгээр өрнөсөн бөгөөд хэлэлцүүлгээр Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжууд, өрийн зах зээл ба зээлжих зэрэглэл сэдвүүдээр хэлэлцсэн юм.
Мөн энэхүү форумын үеэр Монгол Улсын Эрчим хүчний реформын Үндэсний хороо дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг UPC Renewables-тэй Дундговь аймагт баригдах нийт 2,400 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөлд зарцуулах $2 тэрбумын хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэжээ.
Форумын үеэр зочид Америкийн алдарт хөрөнгийн бирж Nasdaq-н төв оффисоор зочилсон бөгөөд Nasdaq-н зүгээс Монголчуудад баяр хүргэн зохион байгуулагч CMM болон ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк ХК (GLMT)-ны лого, Монгол Улсын алтан соёмбот далбаатай дүрсийг Нью Йоркийн төвд байрлах алдарт Time Square-н дэлгэцээр гаргаж хүндэтгэл үзүүллээ.
Дэлхий дахинд худалдааны дайн өрнөж, хөрөнгө оруулалтууд эрс татарч байгаа энэ цаг үед Монгол Улс ийм хэмжээнд форум зохион байгуулж гаднын хөрөнгө оруулагчдыг цуглуулж чадсан үйл явдал нь хөгжиж буй манай улсын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд зохион байгуулалт, үр өгөөж, цар хүрээний хувьд шинэ түвшинд гаргаж буй Capital Markets Mongolia, тэдний Глобал түнш StoneX болон ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк ХК-ны хамт олонд талархал илэрхийлэх нь зүй.
Эх сурвалж: Capital Markets Mongolia
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.