FIBA 3х3 ДАШТ Монголд анх удаа
Даваа гаргийн үүр цүүрээр спортын хорхойтнуудын цусыг хөөргөсөн Austin Major болон NBA финалын гал гарсан халуухан тоглолтууд зохиогдож, эцэст нь нэг юм өндөрлөлөө. Залгуулаад FIBA 3x3 дэлхийн аварга Улаанбаатар хотноо эхэлж байна.
- 📅 FIBA 3x3 өчигдрөөс эхлэн ирэх Ням гараг хүртэл буюу 6 сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ жил аваргын төлөө 40 орны баг буюу хүйс тус бүрд 20 багийн тамирчид Улаанбаатарт цуглаад буй.
👶🏻 FIBA 3x3 Монголд анх удаа
Монгол анх удаагаа олимпын спортын төрлийн ДАШТ болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа төдийгүй тус тэмцээн Азид 9 жилийн дараа зохиогдож байгаа билээ. Тэмцээний үеэр 700 гаруй олон улсын зочид, төлөөлөгчид ирэх төлөвтэй байгаагийн хажуугаар тэмцээнийг биечлэн үзэхээр ирж буй жуулчид, цахимаар үзэх үзэгчдийн тоог нэмбэл овоо дүн гарах буй за.
- 💸 Үр шим: Товчхондоо FIBA 3х3-г зохион байгуулахын тулд лицензийн төлбөр төлдөг бөгөөд 2023 онд Хонконг тэмцээн зохиох нийт зардал $2.5 сая болох тул зохиох эрхээсээ татгалзаж ч байв.
- 😎 Харин Монгол шиг олон улсад өөрсдийгөө сурталчлахын хүслэн болсон улсын хувьд олимпын төрөлд багтах спортын ДАШТ гэх утгаараа спортын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улсынхаа брэндинг хийхээс эхлээд наалдацтай зүйлс ихтэй байх нь лавтай.
🫂 Монгол х 3x3-н түүх
2017 оноос эхлэн Монголд FIBA 3x3-н Азийн аварга, U18, U23 ДАШТ гэхчлэн хэсгийн 12 гаруй тоглолтууд зохиогдож байсан. Энэ ч утгаараа тус төрөл сүүлийн жилүүдэд монголчуудын тогтож үзэх дуртай тоглолтуудын нэг болон өргөжиж байгаа. Баг тамирчдын хувьд ч бүс нутагтаа 2-рт, дэлхийд 7-р байрын чансаатай буюу маш амжилттай явдаг.
- 💯 Оноолт: Энэ удаагийн ДАШТ дахь Монголын эхний тоглолт өчигдөр эрэгтэй багийн 2 тоглолтоор эхэлсэн бол өнөөдөр эмэгтэй баг маань Бразил, Испанийн багтай тоглоно.
Эцэст нь… Монголын спортын төрлүүдээс eSport болон сагсан бөмбөг нэг байтугай шат ахиж, шинэ үеийн түүхээ бичиж буй. Тоглолт талаасаа ч бизнес талаасаа ч үзүүштэй, сонсууштай мэдээ олшрох болов. Бусад спортын төрлүүд маань ч мөн адил өөрийн цаг үе, хурдаар хөгжих биз ээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.