Lemon Press-н нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Opinions буланд тавтай морил. Энэ удаад бид МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, Ph.D, дэд профессор, А.Энхбатын төсвийн талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!
Төсвийн тухай хуулиар УИХ ирэх жилийн төсвийн төслийг 11 сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Үүний дагуу Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн төслийг УИХ хэлэлцсэн дүр эсгэн бараг тэр чигээр өөрчлөлтгүй баталлаа.
Ум хумгүй: Өөрөөр хэлбэл 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ ₮25.8 их наяд, нийт зарлагын хэмжээ ₮27.4 их наяд болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.5 их наяд буюу ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар баталсан гэсэн үг юм. Ирэх оны төсвийн төслийг нэлээн сайн ул суурьтай хэлэлцэн батлах ёстой байтал хуулийн хугацаанаас 3 өдрийн өмнө яаравчлан баталсан юм. Шалтгаан нь юу байв?
Нөгөө талаар ЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлогын хот, хөдөөгийн сэргэлт гэсэн нэрийн дор төсвийг хуваарилах чиглэлээр УИХ-ын гишүүн бүрийн тойрогт ₮3 тэрбумын ХО-ын чиглэлийн төсөл, арга хэмжээг оруулж баталсан нь сонгуульд чиглэгдсэн төсөв болсон гэдгийг бататгаад байна. Үндсэндээ гишүүдийн тойрог бүрд усалгаа болгон ₮228 тэрбумыг зарцуулахаар төсөвлөөд буй.
Аливаа улс орнуудад Төсвийн тухай хуулиар Парламентын гишүүн тус бүрийн тойрогт зориулан төсвийн хөрөнгийг хуваарилах талаар заалт байдаггүй нь харамсалтай. Монгол мэтийн улс оронд ийм гажиг, хуулийн цоорхойг ашиглан практик жишиг гэх мэт зүйлүүдээр өнгөлөн далдалсан буруу зүйлүүд тогтоод удаж байна.
Үүний цаад үр дагавар нь ардчилал, шударга ёсны эсрэг байдаг бөгөөд сонгуулийн үйл явц, улс орны хөгжилд муугаар нөлөөлж ирсэн замаар манай улс 30 гаруй жил замнаж ирсэн байдаг.
Хэрээ мэдэхгүй хэт өөдрөг
Мэргэжлийн хүний зүгээс ЗГ-ын боловсруулсан 2024 оны төсвийн төслийг хэт их өөдрөг болон эрсдэл ихтэй, мөн ирэх оны сонгуульд чиглэгдсэн улс төрийн арга хэмжээг ихээр агуулсан төсөв байсан гэдгийг онцлон давтан хэлэх хэрэгтэй. Ийм л төсвийг УИХ өөртөө ашигтай хэлбэрээр баталчихлаа. Тухайлбал,
Манай улсын төсвийн орлогод гол нөлөөлдөг хүчин зүйл бол зэс, нүүрс, хүдэр, алтны экспортын орлого бөгөөд эдгээр бүтээгдэхүүний орлого нь ЗЗ-ийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байдаг. Нөгөө талаас эдгээр гол түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Тэгэхээр тэдгээр түүхий эдийг экспортлоход шаардлагатай дэд бүтэц, хүчин чадал байгаа эсэх, дэлхийн ЗЗ-ийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдал зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.
Төсвийн зарлагын хувьд мөн л адил 2024 оных 2021 оны төсвийн нийт зарлагаас ₮11.7 их наядаар илүү буюу 75% нэмэгдүүлжээ. Түүхий эдийн үнийг хэт өөдрөгөөр буюу 1 тн зэсийн баяжмалыг $9,000, нүүрсний үнийг $140 байхаар тооцсон нь ОУ-ын санхүүгийн байгууллагуудын тооцоолол буюу бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байна.
Төсвийн тогтвортой нэртэй тогтворгүй хууль
УИХ-аар 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлан жил бүрийн төсвийн төслийг батлахдаа макро ЭЗ-ийн үндсэн 9 үзүүлэлтээр шалгуур тогтоодог. Тус хүрээнд ирэх 3 жилийн төсвийг хэлэлцэн батлахаар хуульчилж байсан. Гэвч УИХ энэ хуулиа жил бүр өөрөө зөрчдөг байсан нь манай улсын ЭЗ-ийн тогтвортой хөгжилд муугаар нөлөөлсөөр иржээ.
Саяхан УИХ-аар энэ хуулиа эргэн харж төсвийн тогтвортой байдлын үзүүлэлтээ мөрддөг байх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа шинэчилсэн. Гэвч үүнийгээ 2025 оноос эхлэн мөрдөхөөр заасан нь төсвийг тогтвортой байлгах сонирхол угаасаа УИХ-д байхгүй байсан нь харагдаж байна.
Ийм байдал өмнөх 2012, 2016, 2020 оны сонгуулийн жилтэй давхцаж тухайн оны төсвийг батлах үед бас харагдаж байв. УИХ-ын чуулганаар жил, жилийн төсөв хэлэлцэн батлахдаа хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтаа өөрчилдөг болсон нь уламжлал, жишиг гэж болхи байдлаар тайлбарлаж байгаа нь үүний баталгаа гэж үзэж байгаа юм.
Сангийн яам болон ЗГ-ын боловсруулсан 2024 оны төсвийн төслийн баримт бичгийг сайтар судлан үзэхэд 2023 оны төсвийн зардлын урьдчилсан гүйцэтгэлийн (хүлээгдэж буй гүйцэтгэл) талаар бага дурдсан байгаа нь энэ талаар ер нь мэдээлэл өгөхөөс татгалзсан шинж чанарыг агуулсан байлаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.