Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээг байгууллаа
Ерөнхийлөгчийн Парис дахь айлчлалын үеэр Монгол болон Франц уран олборлох $1.7 тэрбумын гэрээ байгуулсан билээ. Яг ямар учиртай гэрээ билээ, одоо яг яахаар болчхов оо?
Яагаад Франц, яагаад Монгол гэж?
Ураныг цөмийн реакторуудад түлш болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг. Тэгэхээр ураны эрэлт хэрэгцээ нь Америк, Франц, Хятад зэрэг цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрүүдтэй орнуудаас хамааралтай. Түүнчлэн ураны үнэ сүүлийн 5 жилд 2.6 дахин нэмэгдэж 1 фунт нь $69-т хүрээд буй. Тэгэхээр Францад Монголоос боломжийн үнээр уран экспортолж эрчим хүч үйлдвэрлэх хэрэгцээ байгаа хэрэг.
- Гэрээний тухайд: Гэрээний дагуу Францын Orano компани Монголын говьд байрлах Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж буй. Улмаар Orano-н төсөл ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4%-ийг бүрдүүлэх гэнэ.
- Гэхдээ: Ураны төсөл нь бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэх бөгөөд 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх аж. Тэгэхээр бид шууд л уран олборлодог боллоо гэж бодож болохгүй.
Бидэнд наалдах пад
Францтай байгуулсан гэрээнд Монгол ямар нэгэн хувь эзэмшихгүй буюу ураны үнээс хамаарч 19% хүртэлх АМНАТ авахаар тусгажээ. Тухайлбал, ураны үнэ 1 фунт нь $130-с илүү байвал 19%-ийн АМНАТ авна. Харин үнэ нь $40-50 байвал 5.5% байх буюу шаталсан байдлаар төсөлд оруулжээ. Тэгэхээр бас ч гэж тийм тодорхой биш байгаа биз.
Ямартай ч Монгол ураны томоохон нийлүүлэгч болох ирээдүй ойрхон байна. Гэхдээ бид саяных бол урьдчилан зөвшилцсөн протокол гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төслөө урагшлуулж дараагийн гэрээнүүдийг хурдасгах шаардлагатай байгаа. Нөгөө талд, ирэх жил сонгуультай шүү дээ?!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.