Банкнуудад хэдийн хөрөнгө оруулсан болон төлөвлөж байгаа хүмүүс анхаараарай. ХХБ (TDB)-наас бусад нээлттэй банкнууд III улирлын тайлангаа гаргаад байна.
🤑 ₮1 их наядын ашиг
Тайлангаа гаргасан нээлттэй 5 банкны нийт цэвэр ашгийн хэмжээ ₮1 их наядад хүрчээ. Уг банкнууд цэвэр ашгаа жилийн өмнөхөөсөө ₮303 тэрбумаар нэмсэн хэрэг. Угаас бүх банкны нийт хөрөнгө, цэвэр зээл, харилцах, хадгаламжийн хэмжээ нэмэгдсэн тул арга ч үгүй биз ээ.
🔍
Бага байх тусам их өснө: Нээлттэй 5 банк өнгөрсөн III улиралд нийтдээ ₮44.6 их наядын хөрөнгийг удирдсан байгаа юм. Энэ дундаа хамгийн бага хөрөнгөтэй Богд Банк (
BOGD)-ны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 45.8%, дараагаар нь Төрийн банк (
SBM)-ных 34.5% өссөн бол хамгийн их хөрөнгөтэй ХААН Банк (
KHAN)-ных хамгийн багаар буюу 24.3% өсжээ.
Хамгийн өндөр 🆚 бага: Цэвэр ашгийн хувьд Голомт банк (
GLMT)-ных хамгийн ихээр өссөн. Тус банкны тайлангийн дэлгэрэнгүйг
ЭНД-ээс уншаарай. Харин ХААН Банк цэвэр ашгийн хэмжээгээрээ тэргүүлсэн хэвээр ч өсөлтөөрөө сүүл мушгижээ. Гэхдээ тэдний өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 28.3% буюу ТОП-20 индексийн дунджаас 2 нэгж хувь өндөр байгаа юм.
📈 ₮113.5 тэрбумын өсөлт
Цаашлаад, бүх буюу нээлттэй 6 банкны сүүлийн яг 1 жилийн зах зээлийн үнэлгээний өөрчлөлтийг харвал нийтдээ ₮113.5 тэрбумаар нэмэгдэж ₮5.4 их наядад хүрчээ. Тэгэхээр тэд нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээний 43.7%-ийг бүрдүүлж байгаа хэрэг.
🔻
Бүгд өсөөгүй: 6 банкнаас Голомт банк болон ХасБанк (
XAC)-ны зах зээлийн үнэлгээ нийтдээ ₮393.2 тэрбумаар нэмэгдсэн бол бусад 4 банкных ₮279.7 тэрбумаар буурсан байна. Энэ дундаа ХААН Банкных хамгийн ихээр буюу ₮147.2 тэрбумаар, ХХБ-ных ₮122.5 тэрбумаар тус тус буурчээ.
Эцэст нь… Банкнуудын санхүүгийн үзүүлэлт сайжирч байгаа нь сайн хэрэг. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид рүү хандсан харилцаагаа сайжруулах, хувьцааны үнийн өсөлт бууралт дээрээ чамгүй анхаарах хэрэгтэй байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.