Хуучирсан мэдээ/ 1 сарын 11, 2023

Засгийн Газар 5 жилийн хугацаатай $650 саяын бонд гаргалаа

Монгол Улсын Засгийн Газар 5 жилийн хугацаатай, 8.65%-ийн купонтой, $650 саяын бонд гаргалаа.  

Яагаад? 

Энэ онд Гэрэгэ бондын $800 саяыг, 2024 онд Хуралдай бондын $600 саяыг төлнө. Одоо гаргаж буй бондоор дээр дурдсан хоёр бондыг дахин санхүүжүүлэх юм. Шинэ бондын талаар дэлгэрүүлж харвал,

  • Шинэ бонд: ЗГ Мягмар гарагт $650 саяын шинэ бонд босгох арилжааг олон улсын зах зээл дээр хийжээ. Бондын хүүг 11%-12% байхаар тооцоолж байсан ч 138 хөрөнгө оруулагчаас нийт $4 тэрбумын захиалга ирсэн учир бондын хүү 8.65% болж буурав. Зээлжих зэрэглэл Тогтвортой В үнэлгээтэй хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг татсан бололтой. 

Нөхцөл байдал ямар байгаа вэ?

Хүндхэн нөхцөл байдалд тун дажгүй нөхцөлтэй бонд гаргах шиг боллоо. Хүндхэн нөхцөл байдал гэдэг нь... 

  • Алдагдал: Монгол Улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн 9-д нь алдагдалтай гарсан. Сүүлийн 10 жилийн нийт алдагдал ₮17 их наяд буюу бүтэн 1 жилийн төсвийн орлоготой дүйж байна
  • Өр: Манай гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж $32.4 тэрбумд хүрсэн. Үүнийг иргэн бүрд хуваавал, 1 хүн ₮32.9 саяын өртэй болно гэсэн үг. 
  • Хомсдол: Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст $3.4 тэрбум болсон нь 2021 оныхоос 22.4% буураад буй
  • Тэгэхээр: Бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна даа. 

Эцэст нь… ЗГ 2012 оноос хойш нийт $5.2 тэрбумын үнийн дүн бүхий 7 бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1,660 гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа л өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч гэсэн бондын өрийг бондоор дарах гэж байна. Энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөж, бондоор босгосон хөрөнгөө үр дүнтэй зарцуулах вэ? 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.