
Энэ удаагийн Lemon Press Travel With контентоор бид Интермед эмнэлгийн эх, нярайн Edelweiss сувиллаар аяллаа. Ойрын үед төрөхөөр төлөвлөж байгаа аль эсвэл эргэн тойронд тань төрөх дөхөж буй эмэгтэйчүүд байгаа бол энэ дугаарыг явуулаарай.
⏰ 8 сарын 6, 10 цаг
📍 Интермед эмнэлэг
Бидний аялал өглөөний 10 цагт Интермед эмнэлгийн төв эмнэлгээс эхэлсэн юм. Уг сувилал хотын төвөөс 45 км буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байршиж буй.
Оршил

Ээж болохоор бэлдэж буй эмэгтэйчүүд сэтгэлзүй, бие физиологи гээд 10 сарын хугацаанд маш их өөрчлөлтийг анзаарч, биеэрээ туулдаг буюу тэр чигтээ л өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй шинэ аялалд гардаг. Ялангуяа шинэхэн ээжүүдийн хувьд төрөлтөөс ч илүү бэлтгэлтэй байх зүйл бол шинэ хүнтэйгээ хэрхэн танилцаж, хэрхэн хамт амьдрах учраа олох явдал. Ихэнх ээжүүдийн хувьд төрөх эмнэлгээс гэртээ харьмагц жинхэнэ сорилт эхэлдэг гэлцдэг. Нойргүйдэл, сүүний гарц, хүчтэй хүрчихвэл хагарчих юм шиг санагдах нярайгаа хэрхэн арчлах вэ гэхчлэн тоймгүй их асуудал гарна.
Азаар сүүлийн жилүүдэд Монголд төрсний дараах асаргаа, сувилгаа хийдэг газрууд нээгдэж эхэлсэн. Тэр дундаа эх нярайн мэргэжлийн асаргааны багтай, цэвэр агаарт байдгаараа Edelweiss сувилал нь онцлог юм.
Юун түрүүнд Edelweiss гэж яг ямар газар вэ?
Уг сувилал үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж байгаа бөгөөд 1 ээлждээ 12 ээж, 12–13 нярайг хүлээн авах хүчин чадалтай. Бас сүүлд ахмадуудыг ч хүлээн авч эхэлсэн гэсэн.
Мөн нярайн жинд тааруулан хэдэн гр сүү өгөхөөс эхлээд живхэн дэх шээс, өтгөнийг граммаар нь хэмжиж, гэдэсний ажиллагаа, хүй эдгэрч буй эсэхийг тогтмол хянадаг нь сонирхолтой санагдсан. За юутай ч мэргэжлийн баг, мэргэжлийн тоног төхөөрөмжтэй юм байна. Түүнээс өөр юугаараа онцгой гэж?
Энэ бол мэдээж цэвэр агаар болон орчин нь. Төсөөлөл өгөхөд, тус сувилал ээж болон нярайг асрах 2 давхар бөгөөд яг хажуудаа голтой. Бидний хувьд зуны дэлгэр цагт очсон болохоор байгалийн үзэмжээс гадна голын чимээнээс өөр юу ч сонсогдохгүй аниргүй тайван орчин нь шууд л амралт болох шиг санагдсан даа.
Нэмэлтээр хэлэхэд, ойр орчимд тань дөнгөж амаржсан ээж байгаа бол аль болох сайн унтуулж, амраагаарай. Мэргэжлийн хүн хэлсэн юм шүү. Нялх биетэй ээж нар сайн унтаж, сайн асаргаатай байж гэмээ сүү сайн орж, бие нь хурдан тэнхэрдэг аж.
Ээж юу сурч, ямар асаргаа авах вэ?
Edelweiss сувилалд ээж болон нярайгаас гадна аав нар нь ч мөн хамт байх боломжтой. Дан ганц асаргаа, сувилгаанаас гадна нярайг хэрхэн усанд оруулах, хамар, чих, нүдийг цэвэрлэх, хүйг арчлах, гэдэсний дүүрэнгийг массажлах гэх зэрэг нярайн асаргааг зааж өгдөг нь үнэхээр л аминд орохоор санагдав.
Дийлэнх тохиолдолд ээж нар шууд төрөөд эмнэлгээсээ Edelweiss сувилал руу ирдэг аж. Үйлчилгээний хувьд 7, 10, 14 хоног гэсэн 3 төрлийн багцтай.
Edelweiss-н сувилагчтай ярилцаж байхад, төрөлтийн дараах асаргаа сувилгаа гэдэг зүгээр нэг гавьяаны амралтдаа гараад байгаа хэрэг бус хамгийн гол нь ээж нарт түгээмэл тохиодог эхэн үеийн түгшүүрийг бууруулж, нярайгаа асрахдаа ч илүү чиглүүлэгчтэй, мэдлэгтэй болоод гардаг явдал хэмээсэн юм.
За тэгээд манай контентын бараг л уламжлал болсон хоолны хэсэг бол үнэхээр хайр байлаа. Дөнгөж төрсөн ээж нарын сүү болон биеийн тэнхээг дэмжихийн тулд тусгайлан зохиосон хоолны цэстэй, мэргэжлийн тогоочтой. Аан бас 7 хоногийн багцыг нь сонгосон бол ямар ч л байсан хоол бол давтагдахгүй юм байна лээ. Ер нь л гаднаас юм авч идэх шаардлагагүй гэсэн шүү.
Эцэст нь… Шинэхэн гэр бүл, эсвэл шинэ хүнтэй болохоор төлөвлөсөн бол төрөлтийн дараах асаргааг ч санхүүгийн төлөвлөгөөндөө оруулах хэрэгтэй санагдав. Гэснээс сувилал дээр нярай солигдох вий гэж айх аюулгүй юм байна лээ шүү. Малгай, өлгий дээр нь нэр, дугаартайн дээр сувиллаас бэлэглэсэн өөрсдийн хэрэглэлүүдийг хэрэглэдэг юм байна лээ. Юмыг яаж мэдэх вэ, гээд асууж үзсэн юм. 😆
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.