
Өнгөрсөн 6-р сард Хятадын 16-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 21.3%-д хүрч түүхэн дээд түвшинд хүрээд буй. Асуудал юунд байна?
Нөхцөл байдал
Хэдий Хятад залуусын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд түвшинд хүрсэн ч бодит байдал дээр 21.3%-иас ч их байх боломжтой аж. Учир нь Хятад ажилгүйдлийн түвшинг зөвхөн ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг оруулан тооцдог тул ажилгүйдлийн жинхэнэ түвшин 46.5% байх магадлалтай юм. Залуус ажилгүй байгаа шалтгааныг Хятадын эдийн засагтай холбон харцгаая.
Шалтгаан 1: ЭЗ-ийн удаашрал ба компаниудын хариу үйлдэл
Хятадын ЭЗ өнгөрсөн II улиралд ердөө 0.8% л өссөн. Ер нь л Америкаас ирж буй хориг арга хэмжээгээс болж экспорт нь тогтвортой уруудаж байгаа.Улмаар компаниуд шинэ ажилтан авах нь зогсонги болоод буй. Үүний хажуугаар Хятадын эрх баригчдын хувийн хэвшил рүү чиглэсэн хатуу бодлогоос болж компаниуд их хэмжээний цомхотгол хийсэн тохиолдол ч бий.
Шалтгаан 2: Эрэлтгүй мэргэжил
Сүүлийн 30 жилд Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж үүнийг дагаад коллеж, их дээд сургуульд элсэгчдийн тоо 1992 оноос 3.4 дахин өсөж 2022 онд 10.1 сая болжээ.
Түүнчлэн ихэнх залуус цагаан захтнуудын буюу оффисын ажил хийх сонирхолтой болсон. Зөвхөн залуус ч гэлтгүй гэр бүл нь мастерын дипломтой хүүхдээ үйлдвэрт ажиллуулах хүсэлгүй зэрэг хортой соёлын нөлөө ч газар авсан аж.
Шалтгаан 3: Залуусын хандлага
Хятадын томоохон компаниудын хатуу, цаг наргүй ажлын хуваарь хөдөлмөрийн ЗЗ-д шинээр орж буй хүмүүсийн хүлээлттэй тэнцэхгүй байна. Тодруулбал, Жак Ма шиг өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл 7 хоногт 6 өдөр ажиллах соёлтой компаниудыг ажил амьдралын тэнцвэр ярьсан ажил горилогч залуус төдийлөн сонирхохгүй байж магадгүй л юм.
Эцэст нь… ЭЗ-ийн удаашрал, боловсролын салбар зэрэг макро асуудлын хажуугаар залуусын ажилдаа хандах хандлага ч ажил олгогчдодоо гологдсоор. Сонирхуулахад, нас биед хүрсэн ч санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат залуусын тоо олширсон нь тэднийг бүтэн цагийн хүүхэд гэж нэрлэхэд хүргэжээ. Манайд ч ийм үзэгдэл ажиглагдаад л байдаг даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.