
Энэ оны эдийн засгийн үзүүлэлт авдрын хээ шиг эрээн байна. Зарим нь өсөж, зарим нь хэцүүдэв. Энэ хооронд зарим салбар, бизнес эрхлэгчид байгаа нөхцөл байдлыг сэтгэлийн хүчээр давах гэж хичээсэн бол зарим нь дампуурч бүр хаа нэг зарим хүмүүсийн амьдрал цэцэглэж ч байх шиг.
2025 оны эдийн засгийг товчоор дүгнэвэл, гэдэн годон урагшилж байгаа ч хүү нь өндөр, ашиг нь нимгэн, гадаад орчны дэмжлэг сул, дотоод бодлогын орон зай хязгаарлагдмал хэвээр үлдсэн жил байлаа.
Юутай ч манай эдийн засаг энэ оны III улиралд 5.9% өсөж 2015 оны зэрэгцүүлэх үнээр ₮9 их наядад хүрээд буй. Тэгвэл өнгөрсөн оны эдийн засгийн бүх тоо та бидний амьдралд яаж нөлөөлөв өө?

Энэ онд инфляцын дундаж түвшин дунджаар 8.7% байж. Харин бодлогын хүү 2-р сараас хойш 12% дээрээ яг л хадаастай юм шиг тогтчихоод байна. Инфляцын түвшин өнгөрсөн оны 12-р сараас хойш Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдахгүй байгаа учраас бодлогын хүү ч бууж өгөхгүй, 12% дээрээ данайгаад суугаа нь энэ. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 35 сарын турш мөнгөний хатуу бодлоготой нүүр тулж байна даа.
Шинжээчдийн таамгаар бол бид ирэх онд ч 9%-ийн инфляцтайгаа зодолдох бололтой. Инфляцыг өдөөж байгаа нь импорт гэсэн дээ, тэгвэл дараагийн сэдэв рүү оръё.

Дэлүүн болдог, Цонжин болдог би болдоггүй ээ гэдэг шиг гадаад худалдаа маань гавьдаггүй ээ. Яагаад юу байх вэ дээ, нүүрсний үнэ нь буураад экспортоос олдог хэдэн ₮ нь багасаад байхад май^2 гээд импортод өгч байгаа мөнгөө нэмээд суугаа тул орохын өсөлтийг гарахын өсөлт гүйцэхгүй байна аа хө.

Өнгөрсөн оноос баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ сангийн хөрөнгө ихсэх, багасах нь уул уурхайн компаниудын орлого, экспорттой шууд холбоотой. Харин тэдний орлого юутай хамааралтай вэ? Мэдээж түүхий эдийн үнэ.
Тодруулбал, зэсийн үнэ энэ онд 38.1% өссөн тул ГВУН дундарчихгүйхэн шиг, гадаад худалдааны ашиг алдагдал руу гулсчихгүйхэн шиг тэслээ. Энэ утгаараа экспортын хүндийн төв зэс рүү шилжээд байна. Ирэх жил Оюу толгойн зэсийн гарц улам нэмэгдэнэ. Зэсийн үнэ энэ мэтээр тогтвортой өсөлттэй байгаад байвал эдийн засаг маань элгээрээ хэвтчихгүй хөдлөөд байхаар байна даа.

Өмнөх хэсгүүдэд, инфляц буухгүй байна, импортын барааны үнэ өссөн, гадаад худалдааны ашиг буурсан гээд баахан гуниглалаа. Бүр гунигламаар нь энэ бүх нөхцөл байдал манай ₮-ийн ханшийг “А” ч гэж хэлэх сөхөөгүй болтол нь хүчин мөхөстүүлэв.
2023 онд гол 6 валютын ханшны 5-ынх нь эсрэг хүчтэй зогсож чадсан ₮-ийн ханш өнөөдөр бүгдийнх нь өмнө сулран унав. Оны эхэнд €1=₮3,561 байсан бол одоо ₮-ийн ханш тухайн үеэс 17.7% суларч €1=₮4,189.8 болсон байна. Цаашлаад, рублийн эсрэг бүр 42.1%, юанийн эсрэг 8.3% гэх мэтээр бүгдийнх нь эсрэг сулраадхаж.

2024 оны эдийн засгийн тоймыг бичихдээ ирэх оны төсвийг алдагдалгүй баталсан тухай инээд алдаад бичиж байв. Нүглийн нүдийг гурилаар гэдэг шиг өнөө төсөв чинь өнгөрсөн 11-р сарын байдлаар ₮1.8 их наядын алдагдал хүлээсэн байдаг байгаа. Энэ алдагдал бүр сүүлийн 4 жилийн хамгийн их нь гэж бодохоор…
Татвараа авчихна, мөнгө орж ирнэ, алдагдал хүлээхгүй гээд товлосон зардлаа гаргаад л байшингаа бариад л, замаа засаад л эргээд харахад ААН-үүд нь хэцүүдээд татварын орлого нь багасаад алдагдал хүлээхгүй гэж байсан төсөв нь бараг ₮2 их наядаар нь алдчихаад байгаа нь энэ.
Базаагийн базаа… Бидэнд зовлон бэрхшээл зөндөө л байна. Хэцүүхэн тоонууд ч үүнийг харууллаа. Гэхдээ бас сайжралт явагдаж байгаа. Энэ онд S&P Global Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаар манай улс 13 жилийн дараа дахин “Double B” түвшинд хүрсэн. Засахыг нь засаж, сайжруулахыг нь сайжруулаад явбал хэдхэн хүн амтай, асар их баялагтай улсын эдийн засаг өндийхөд юухан байх вэ. Гол нь зөв хүмүүсээ сонгож, хяналт тавьж, бодлогоо зөв тодорхойлж, шулуун шударга замаар явах л хэрэгтэй байна даа. 2026 онд эдийн засаг маань өнгөлөг байх болтугай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.