
Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод нэгэн аймшигт хэрэг болоод өнгөрлөө. Энэ хэрэгт дарга нар холбогдсон төдийгүй нэг дарга нь нэгнийгээ “Алиа бацаан” хэмээн дуудаж амжсан байна. Тэгэхээр юу болсныг товчхон хүргэе.
👀 Далим гарав
Бямба гарагт Ерөнхий сайд Н.Учрал хүнсний зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллалаа. Түүнд энэ үеэр 2025 оны мөн үеэс 53.2% өсөөд буй 1 кг үхрийн махны үнэ ₮35.8 мянгад хүрсэн асуудлаар иргэд, олон нийт уур, бухимдлаа илэрхийлэн нөөцийн махны бараа нь тасарсныг уламжилжээ.
🗯️ Хариуцлага тооцов
Тэр орой нь ЕС УБ хотын захирагч Х.Нямбаатарыг дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, иргэдийн нуруун дээр үнийн өсөлтийг авчирсан зэрэгт үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болов. Цаашлаад, уг асуудал дээр тусгай ажлын хэсэг байгуулж нийслэлийн төсөл, тендер, бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалгах даалгаврыг өгчээ.
🥊 Хариу цохилт
Энэ бүхнийг харан суусан хотын дарга ЕС-ыг эрс буруушаан өөрийн сошиал хуудсаараа live хийж, тэмцэхээ зарласан аж. Түүний тус live Facebook дээр 2.7 сая хандалт авснаар түүний сүүлийн 6 долоо хоног дахь хамгийн олон үзэлттэй live болов. Түүнчлэн ЕС-ыг ажлаа авсан үеэсээ эхлэн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах замаар хотын ажлуудыг зогсоох шийдвэр гаргаж байсныг ч мэдэгджээ.
👹 Яагаад одоо гэж?
Уг нь бол Х.Нямбаатарыг огцруулах үндэслэл цөөн биш. Дэд бүтэц гэх төслүүдэд их наяд, их наядаар нь цацаж, нийслэлийн төсөв нь тэнгэрт тулж, алдагдал нь тамтагтаа хүрсэн. Ард түмний эсрэг троллтойгоо жагсаж байсан нь саяхан. ₮1 их наядаар стадион барих санаачилга хүртэл гаргаж байснаас нь хэр үрэлгэн байсныг нь харж болох. Гэхдээ огцруулах шийдвэр нь яагаад одоо байгаа нь, шалтгаан нь яагаад мах байгаа нь сонирхолтой.
Юутай ч ЕС-д хотын даргыг огцруулах, дараагийн даргыг 15 хоногт нэр дэвшүүлэх бүрэн эрх нь бий. Тэгэхээр хотын дарга түүнтэй тэмцсэн ч амжилтад хүрэх нь тун бүрхэг. Гэвч юу болохыг харж л сууцгаая. 🍿
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.